Л.Оюун-Эрдэнэ: Гишүүд казиногоор үйлчлүүлсэн ч бай, орсон ч бай ёс зүйгүй үйлдэл

Мөрийтэй тоглосон төрийн албан хаагчдад хариуцлага тооцох журмыг танхимаараа батлуулсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ казиногийн асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Казинод орж байгаа төрийн албан хаагчдын тоо эрс багассан гэж БНСУ-д суугаа Элчин сайдын яамныхан, тусгай албаныхан хэлж байгаа. УИХ-ын гишүүдийн тухайд хоёр бүлгийн дарга үүн дээр олон нийт ямар эсэргүүцэл үзүүлж байгааг харсан байх. УИХ-ын гишүүд ёс зүйн дүрмээр зохицуулах тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэхээр бэлтгэж байх үед ийм үйлдэл гаргасан нь завшаантай гэж бодож байна. Одоогийн хууль дүрмээр хийж чадах зүйл бол Элчин сайдын асуудал. Өчигдөр Гадаад харилцааны сайдтай яриад Австрали улсад суугаа Элчин сайдаас тодруулга авахаар болсон. Хэрэв тоглосон нь тогтоогдвол шууд ажлаас нь чөлөөлнө. Ингээд төрийн албан хаагчид нь чөлөөлөгдөөд УИХ-ын гишүүд нь зүгээр байгаад байх уу гэдэг асуудал гарч ирнэ. Үүнийг УИХ өөрөө шийднэ. Засгийн газар болон олон нийт үүн дээр шахаж ажиллаж ёстой. Энэ асуудал нэг өндрөө аваад унтрах бус хориглосон хууль гарах хэрэгтэй.

Ер нь УИХ-ын гишүүдийн халдашгүй байдалтай холбоотой асуудлыг ярих цаг болсон нь харагдаж байна. Үлгэр жишээ үзүүлэх ёстой гишүүд нь хариуцлага хүлээхгүй, тэдний баталсан журмын дагуу төрийн албан хаагчид  нь хариуцлага хүлээдэг байдал нь шударга бус. Үүнийг УИХ-ын гишүүд өөрсдөөсөө асуух цаг болсон. Засгийн газрын журам дээр бол “Мөрийтэй тоглоомын газрын газраар үйлчлүүлэх байх” гэсэн заалт бий. Тэгэхээр үзээд гарахыг үйлчлүүлэх гэх үү, үгүй юү гэдэг маргаан үүсч байгаа. Хуулийн газраас асуухаар тодорхой хэмжээний мөнгөн гүйлгээ хийсэн баримттай байх тохиолдолд үйлчлүүлсэнд тооцно гээд байгаа юм. Үйлчлүүлсэн ч бай, орсон ч бай ёс зүйгүй асуудал. Төрийн албан хаагчид нь үүнээс болоод халагдчихаад байхад бөөнөөрөө тэнд очно гэдэг болохгүй асуудал” гэлээ.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)