Урлагийн боловсролоор дамжуулан ирээдүйн эерэг иргэнийг төлөвшүүлэх зорилготой хүүхдэд чиглэдэг "Гэрэлтүүл" төсөл цар хүрээгээ тэлж "Gereltuul art and music festival Vol5-Харанхуйгаас цааш гялбаа руу" нэртэй фестивалийг зохион байгуулах гэж байна. Нийгмийн сэтгэлзүйд урлагаар нөлөөлөн унтарсан нэгнээ асааж гэрэлтүүлье уриатайгаар сэтгэл гутралын эсрэг хөдөлгөөнийг эхлүүлж байгаа юм.
Тус фестиваль нь алкохолгүй болдог гэдгээрээ онцлог бөгөөд амьд хөгжмийн хамтлагууд, соло уран бүтээлчид тэр дундаа рэппэрүүд уран бүтээлээ хүргэхээс гадна зураач, гэрэл зурагчдын үзэсгэлэн гарах аж.
Мөн контемпорари арт буюу орчин үеийн урлагийн төрлүүдийн төлөөлөл болох пост драма, үйлдлийн урлаг зэрэг үзэгчдэдээ шинэлэг өнгө аясыг мэдрүүлэхээр зорьж тус үйл ажиллагаа нэгдүгээр сарын 25-ны өдөр болно.