
Одоогоос 10 жилийн өмнө буюу 2009 онд БНХАУ-д гарсан шувууны томуу манай улсад дамжин орж ирж байв. Тухайн үедээ хүүхэд болон өндөр настай хүмүүст халдварлах аюултай гэгдэж байсан өвчин монгол хүний аминд хүрсэн юм. Уг өвчнөөр хамгийн анх Өмнөговь аймгаас нийслэлд ирсэн иргэн өвчилж ойр тойрныхондоо тараасан байв. Тэрээр урд хөрш рүү нүүрс зөөвөрлөдөг том оврын ачааны машины жолооч байсан бөгөөд хилийн цаанаас энэ замаараа авчирсан байх гэж мэргэжлийн хүмүүс дүгнэж байлаа. Өмнөх тохиолдлыг дурсахын учир нь, нэн шинэ вирус манай урд хөрш БНХАУ болон Япон, Өмнөд Солонгост гарсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сэрэмжлүүлээд байна. Тодруулбал, БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод энэ сарын 2-нд анх бүртгэгдсэн шалтгаан нь тодорхойгүй уушигны хатгалгаа өвчний үүсгэгч нь шинэ төрлийн корона вирус болохыг ДЭМБ-аас мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар 291 хүний өвчлөл шинэ корона вирусээр үүсгэгдсэн нь тогтоогдоод байна. 35 хүний биеийн байдал хүнд, зургаан хүн нас баржээ.
Уг өвчний шинж тэмдэг нь халуурч, бүх биеэр хөндүүрлэх, зарим тохиолдолд вирус нь уушгийг өвчлүүлснээс амьсгаа тасалдах байдлаар илэрч байгаа ажээ. Хятадын халдварт өвчин судлаачид титэм вирусийн шинэ төрөл гэж тогтоов. Вирусийн зургийг томруулан харах юм бол гаднаа титэм хэлбэртэй байгаагаас ийнхүү титэм хэмээх гоёдсон нэр хайрласан бололтой.
Шинэ төрлийн титэм вирус ноцтойгоор өвчлүүлж чадна, гэхдээ хүнээс хүнд дамжина гэж үзэх үндэслэлгүй хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн ч Тайландад гарсны дараах СNN агентлагийн мэдээнээс үзвэл халдварлах эрсдэлтэй байж магадгүй гэж үзжээ. ДЭМБ одоогоор Хятадын жуучлалд хориг арга хэмжээ тавихыг зөвлөөгүй ч аялах, худалдаа наймаа хийхдээ сэрэмжтэй байхыг санууллаа. “Өвчний голомтыг илрүүлэх, халдварын зам, тархалтын эрчим ба түүний эсрэг авах арга хэмжээ зэргийг тогтоохын тулд шинжилгээг үргэлжлүүлэх шаардлагатай” гэж ДЭМБ онцолсон байна. Ийнхүү нэн шинэ вирусийн эргэн тойронд олон улсын мэргэжлийн судлаачид ажилласаар байгаа юм.
Шинэ төрлийн вирус Монголд орж ирэх эрсдэлтэй
ДЭМБ-ын эрсдэлийн үнэлгээгээр тухайн халдвар нь БНХАУ дотроо өндөр, бүс нутгийн хэмжээнд дунд, олон улсын хэмжээнд бага гэж үнэлэгдсэн. Ухань хот бол БНХАУ-ын үйлдвэр, худалдаа соёлын томоохон төв. Дэлхийн 28 хот руу шууд нислэг хийж байгаагийн хамгийн ойр нь Бээжин, Хонконг байна. Манай Улс Бээжин-Улаанбаатар, Улаанбаатар- Хонконг, УБ-Эрээн чиглэлийн нислэг үйлдэж байгаа ба Хонконгоос долоо хоногт есөн удаагийн нислэгээр 744 зорчигч, Бээжингээс долоо хоногт 14 удаагийн нислэгээр 1600, Эрээнээс долоо хоногт 10 удаагийн нислэгээр 600 орчим зорчигч хил нэвтэрч байгаа. Энэ нь уг вирусийн халдвар ялангуяа агаарын хилээр дамжин орж ирэх эрсдэлтэйг харуулж байна.

Вирус судлаач П.Нямдаваагийн хэлснээр вирусийн эсрэг эм гарч байгаа хэдий ч ийнхүү шинэ тутам бий болж байгаа вируст тохирох эм дэлхий нийтэд бэлэн байхгүй байна. SARS болон бусад томуугийн вирусийг урьдчилан судалж тухайн хүрээний вирусийн эсрэг вакцин гарган авдаг бол корона вирусийн хувьд одоогоор аль нь ч алга. Гэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварт өвчинтэй тэмцэх Хятадын арга барил сайн гэдгийг мэдээлэлдээ онцолсон байсан бөгөөд үүнийг л зарим судлаачид “Өөрсдөө учраа ол гэсэнтэй агаар нэг мэдэгдэл” хэмээн шүүмжилж байгаа юм.
Хятадууд вирусийн эсрэг судалгаагаа үргэлжлүүлж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хаяагаа манаж байгаа энэ үед яг зөвлөгөө өгчих нарийн мэргэжлийн судлаач манайд алга. Зүрхний нарийн мэс засал, элэг шилжүүлэн суулгах нарийн мэргэжлээрээ дэлхийтэй хөл нийлдэг хэрнээ вирус гэхээр хоцроод байдаг тал манайханд бий гэдгийг мэргэжилтэн хэлж байна.

Хамгийн сүүлийн мэдээгээр корона вирусээс сэргийлэх вакциныг гаргаж авахаар хятадын мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм байна. Сүүлийн үеийн эбола болон зика вирусийн хувьд халуун орны өвчин буюу хүйтэнд тэсвэргүй нь цаг уурын эрт тэс уур амьсгалтай монголчуудад аз болсон. Харин урд хөршид гараад байгаа корона вирусээс болгоомжлоход идүүлэхгүй нь.