“Исламын улс” бүлэглэл шинэ удирдагчаараа Амир Мухаммед Абдул Рахман аль Мавли аль Салби гэгчийг сонгожээ. “The Guardian” энэ талаар мэдээллээ. Тэд энэхүү мэдээллийг тагнуулын эх сурвалжаас олж авсан гэнэ.

Салби өнгөрсөн оны аравдугаар сард, удирдагч аль Багдадиг амиа алдсанаас хэдхэн цагийн дараа бүлэглэлийн удирдагчаар сонгогджээ. Амир аль Салби нь “Исламын улс” бүлэглэлийг үүсгэн байгуулагч, үзэл санааг нь тодорхойлогчдын нэг юм байна. Аль Багдадигийн үед тэрээр езид иргэдийг үндэстнээр нь хоморголон устгах ажиллагааг хэрэгжүүлсэн бөгөөд, дэлхийн өнцөг булан бүрт явуулсан олон алан хядах ажиллагааг зохион байгуулсан гэнэ.

Түүнийг АНУ 2004 онд баривчилж, шоронд хорьсон бөгөөд тэнд Абу Бакр аль Багдадитай танилцжээ. Гарал угсааны хувьд тэрээр Иракийн Аль Тафар хотын уугуул, туркомен үндэстэн юм байна. Түүний толгойг АНУ таван сая ам.доллараар үнэлж байжээ.

Дашрамд дурдахад, Исламын улс бүлэглэлийн шашны удирдагч Шифа аль Нимаг энэ сарын 17-ны өдөр Иракийн Мосул хотоос баривчилсан юм. Таргалах өвчинд нэрвэгдсэн түүнийг баривчлахын тулд ачааны машин дээр ачих хэрэг гарсан гэнэ.