БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо шинэ төрлийн уушгины үрэвслийг хүнээс хүнд халдварлах боломжтой болохыг баталлаа.
Вирус хүнээс хүнд дамждаг нь эмнэлгийн ажилтнууд өвчилж эхэлснээр тодорхой болжээ. Одоогоор эрүүл мэндийн байгууллагын 14 ажилтан шинэ төрлийн коронавирусын халдвар аваад байна. Ухань хотоос үүдэлтэй халдварын улмаас өвчилсөн хүний тоо 218 хүрч, гурван хүн амиа алдаад байгаа юм. Бээжин, Шанхай, Шиэнжень зэрэг томоохон хотуудад иргэд өвчилж эхэлсний зэрэгцээ Япон, Тайланд, Өмнөд Солонгост халдвар бүртгэгдээд байна.
Халдвар дамжих эрсдэл ийнхүү нэмэгдэж байгаа тул яаралтай арга хэмжээ авах шаардлагатай гэж Хятадын мэргэжилтнүүд үзэж байна. Өмнө нь коронавирусын шинэ төрлийг хүнээс хүнд халдварладаггүй, өвчилсөн хүмүүс Ухань хотын далайн бүтээгдэхүүний захаас халдвар авсан гэж байсан юм.