Удааширсан угаар мэдрэгч

Аравдугаар сарын 9-нд Засгийн газрын хуралдаанаар гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгчийг үнэ төлбөргүй суурилуулах шийдвэр гаргасан. Ингээд уг ажлыг арваннэгдүгээр сарын 1-ээс өмнө судалж, хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон Хотын дарга С.Амарсайхан нарт даалгасан байдаг.

Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх явцад шат шатандаа аюулгүй байдлаа хангаагүйн улмаас угаарын хийнд хордох тохиолдол гарсан. Тиймээс угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд амьдарч буй өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэр гарлаа. Энэ ажлыг  арваннэгдүгээр сарын 1 гэхэд дуусгана" гэсэн байдаг.

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга хийгээд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан " Угаарын хий мэдрэх төхөөрөмжийг суурилуулах, айл өрхүүдэд тараах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцуулсан.  Бид сайжруулсан түлшний хэрэглээг жигдрүүлэх, хэвшүүлэх хэрэгтэй. Утаанаас болж жилдээ хэдэн мянгаараа хүн хордож, урагт хүртэл нөлөө үзүүлж байна. Гамшгийн хэмжээнд хүрсэн утааг бууруулахад чиглэсэн ажлаа хот хийх ёстой. Гэхдээ хяналтаа маш сайн тавьж, иргэдийг эрсдүүлэхгүй байх нь бидний үүрэг.  Тиймээс угаар мэдрэгч төхөөрөмжийг айл өрхүүдэд тарааж өгөх үүргийг хүлээлээ. Арваннэгдүгээр сарын 1-ээс өмнө гэр хорооллын өрхүүдэд угаарын хийг мэдрэгч бага оврын төхөөрөмжийг суурилуулж өгөхөөр боллоо" гэж мэдээлсэн нь бий. 

Үүнээс хойш гурван сар гаруй нь хугацаа өнгөрч дөрөв дэх сартайгаа золгоход хэдхэн хоног дутуу байна. Гэвч нийслэлийн гэр хорооллын өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг суурилуулах ажил дуусаагүй. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар 20 мянган өрхөд суурилуулсан буюу ажил 10  хувьтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн долоо хоногт Хан-Уул 1285, Баянзүрх 5000, Чингэлтэй 3450, Баянгол 1422, Сонгинохайрхан 6933, Сүхбаатар дүүрэгт 1902 өрхөд угаар мэдрэгчийг тараасан талаар мэдээлсэн. Нийслэлийн онцгой комиссынхны өгсөн мэдээллээр, одоогоор нэмж захиалсан 50 мянган ширхэгийг хүлээн аваад байгаа гэсэн.

Энэ мэтээр “суурилуулсан, захиалсан, ирж байгаа, нэмж захиалсан..”  гэж угаар мэдрэгч суурилуулах ажил удааширсаар байтал өдөр бүр хүмүүс хордсоор, идэр есийн хүйтэн цаашилсаар байна. Хамгийн сүүлийн үеийн жишээ дурдахад, хоёрхон хоногт буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд угаарын хийд хордсон гэх шалтгаанаар 17 өрхийн 24 хүүхэд 22 том хүн Яаралтай тусламжийн төвд ханджээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)