Их Британийн ханхүү Харри хааны гэр бүлээс хараат бус байх шийдвэр гаргасандаа маш их харамсаж байна гэжээ. Харри ням гарагт Лондонд болсон буяны арга хэмжээнд оролцох үеэрээ ийнхүү мэдэгдсэн байна.
"Манай гэр бүл хойшид Хатан хаан хийгээд Хамтын нөхөрлөлийн үйлсэд үнэ хөлсгүй зүтгэнэ гэж найдаж байсан. Харамсалтай нь энэ бүхэн боломжгүй боллоо. Гэхдээ энэ улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно. Меган бид хоёр гэр бүл болсон цагаасаа Британийн сайн сайхны төлөө зүтгэх итгэл найдвар дүүрэн байсан ч бүх зүйл ингээд дуусгавар болж байгаад туйлын гунигтай байна" гэжээ.
Нэгдүгээр сарын сарын 8-нд ханхүү Харри, гэргий Меган Марклын хамтаар хааны гэр бүлийн эрх үүргээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн юм. Залгуулаад нэгдүгээр сарын 18-нд Букингемийн ордноос мэдэгдэл гаргаж хосууд хойшид Их Британийн Хатан хаан II Элизабетыг төлөөлөхгүй, төрийн ёслолын арга хэмжээнд оролцохгүй, "эрхэм дээдэс" гэсэн хүндэтгэл хэрэглэхгүй болсон тухай зарласан. Мөн Сассексийн гүнгийн гэр бүлийн зардалд төсөв болоод хааны гэр бүлийн хөрөнгөөсөө зарцуулахаа болино гэж зарлав.
Мөн ойрын хугацаанд ханхүү Харри тэнгисийн цэргийн корпусын ахмад зэрэг цол хэргэмээс татгалзах ёстой болжээ. "Өөр арга байсангүй. Олон сарын турш тунгаан бодсоны эцэст ийм шийдвэрт хүрлээ. Би дандаа зөв зүйл хийдэггүй гэдгээ мэдэж байсан" хэмээн Харри ярьжээ.
Хааны гэр бүлийн эрх ямбаас татгалзсан Харри, Меган Маркл нар ашигтай арилжааны гэрээ байгуулахыг хүсч байгаа гэж олон ажиглагчид үзэж байна.