Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор иргэдийг сайжруулсан шахмал түлшээр хангах “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулан төвийн зургаан дүүргийн 381 цэгт түлш түгээж байна. Үүний хүрээнд төвийн зургаан дүүргийн автомашин зорчих боломжгүй 25 өндөрлөг цэгт байрлах айл өрхүүдэд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 23-наас эхлэн зэвсэгт хүчний ангиудаас туулах чадвартай “ЗИЛ-131” маркийн 28 автомашинаар түгээлт хийж байгаа ажээ.