I “Та нар намрын шарласан навчис дээгүүр гишгэж явахдаа юу боддог вэ. Эмзэглэдэг үү, ямар мэдрэмж төрдөг вэ?” Далай хараад гуниг төрөхгүй бол чамд ямар ч найдлага алга гэдэг шиг намрын шарласан навчис дээгүүр гишгэлж явахад эмзэглэхгүй байвал та нарт ямар ч найдлага алга гэж сонин юм ярьсан хүн бол Пүрэвхүүгийн Батхуяг. Өмнө нь ийм зүйлийн тухай бараг л сонсож байгаагүй надад мэдээж маш “сонин” санагдсан. Тэр л өгүүлбэр хичээл тараад, сургуулиас гарч алхах замд урьдынхаас илүү навчсыг ажих, анирдах сэдлийг төрүүлсэн юм. Тэр цагаас хойш учрах намар бүрт багшийн үгийг нэхэн санадаг. Өнөөх сонин өгүүлбэр нь бараг намар дуустал өдөр бүр толгойд орж ирдэг гэхэд хэлсдэхгүй. Магадгүй багш хэмээн эрхэмлэх сэтгэл угтаа тэр л үеэс эхэлсэн болов уу. Намрын тухай бодлоос. Намрыг өөрөөр харж эхэлсэн тэр агшнаас. Яг үүн шиг олон сонин зүйлстэй багш биднийг танилцуулсан. Өөртөө нээж эхэлсэн тэрхүү ертөнцөд шунан дурлаж явахдаа өөр ямар ч хүний төлөө эс төрөх тийм дээд хүндлэл багшийг бодоход эрхгүй урсан гардаг юм.

Орчин үед тэр тусмаа яг энэ цагт багшийн мэргэжил, нэр алдар төдий л үнэ хүндтэй биш болжээ. Дөрвөн жил номын дуу сонссон нь байтугай, хүсвэл хэн ч хаа нэг газар очоод багш хэмээн дуудуулж дөнгөнө. Гэвч жинхэнэ багш цөөхөн. Миний амьдралд тоотой хэдхэн багш тохиосны тэргүүнд “Момо багш” бичигдэх нь гуйвж болохгүй “үнэн” юм даа.

Хүмүүс түүнийг янз бүрээр л дуудна. Сүүлийн үед “Гарцаагүй” хэмээх нь олширсон ч ихэнхдээ зохиолч, яруу найрагч, судлаач, шүүмжлэгч гэнэ. Гараас нь хүн болсон хэдэн хүүхдүүд нь харин багшаа эсвэл Момо гэнэ. Бидний хувьд ямар ч нэр алдраас илүү энэ үг л түүнтэй холбож, ойртуулдаг. Момо бидэнд далай мэт дундаршгүй эрдмээсээ хуваалцсан ачтан. Монголын нэн шинэ үеийн утга зохиолд түүний гавьяа их. Мөн хүлээн зөвшөөрөгдөхүйц тэмүүлэл дүүрэн мэргэжлийн боловсон хүчинг бэлдэж буй нь Момог тодорхойлох үнэт зүйлсийн нэг зайлшгүй мөн билээ.

Багш яг энэ агшинд их сургуулийн ганц цонх, ганц цэцэгтэй жижигхэн танхимдаа сууж буй. Ном гарчиглаад эсвэл ямар нэг төрсөн шинэ санаа тэмдэглэн, ширээнийхээ ард суугаа... Хэзээ нэгэн цагт би багшийн тухай бичнэ дээ гэж боддог байсан юм. Тэр хэзээ нэгэн цаг нь одоо байх юм гэж хэн санах вэ.

II Ер нь багшийн ихэнх шавь нар номд шимтэн дурладаг. Номд шимтсэн бидний дэврүүн зан аажимдаа арилж их л гуниглуу болдог гэмээр. Мэдээж гэгээн цайлганаа алдахгүйгээр. Тиймээс л жинхэнэ багш хамгийн сайн нөлөөлөгч байдаг аж.

Оюутан болсны дараахан номонд анхлан хорхойсч эхэлсэн үе. Нэг удаа номын дэлгүүрт ороод тавиур дээр өрөөстэй байх зүсэн зүйлийн номыг анхааралтай ажиглаж гарлаа. Тэгж зогссоны хүчинд “Залбирлын эсээс” гэх нэртэй багшийн номыг олов. Нэмж нэг яруу найргийнх нь түүврийг өөрийн болгоод их л сэтгэл дүүрэн харьсан сан. Үүний өмнөхөн шинээр орчуулагдсан Японы алдартай зохиолчийн романыг худалдан авсан юм л даа. Өнөөх номоо хэсэг уншаад л хуучин номын худалдаанд аваачаад зарчихсан. Анхнаасаа тэр номын хавтас маш их таалагдаад л авсан хэрэг. Тус явдлаас хойш нөгөө алдартай зохиолчид ч нэг их татагдсангүй. Одоо ч хэвээрээ. Тэр бүтэлгүйтэл дахиж номын хавтаст хууртаж болохгүй агаад уран зохиолын тухай ямар нимгэн мэдлэгтэйг минь илтгэх шиг санагдаж, өөрөөсөө ихэд ичихэд хүргэсэн юм.

Харин багшийн номыг худалдаж авдаг өдөр өмнөхөөс арай өөр байлаа. Учир нь Момо бидэнд хичээлийн жилд уншиж, тэмдэглэл бичих уртаас урт номын жагсаалт өгсөн байв. Тэр цагаас л би номын дэлгүүр, номын сан хоёроос салж хагацахаа больсон. Зарим өдөр нь өөрийн хувьд чухал биш гэсэн хичээлээ таслаад ч хамаагүй номын санд өнжих энүүхэнд. Номд тэгж л ямар нэгэн алт, эрдэнэс олчихсон мэт татагдаж эхэлсэн дээ. Миний энэ өөрчлөлтөд Момогийн нөлөөлөл асар их байсан нь гарцаагүй.

Хичээл дээр багш бидэнд янз бүрийн сэдэв өгч өгүүллэг, богино бичвэр зэргийг бичүүлнэ. Ер нь тухайн үед багшийн хэлж, ярьж, заасан бүхнийг сайн ухаж ойлгодоггүй байж. Харин цаг нь болохоор өнөөх үгнүүд нь өөрөө надад эргэн ирэх нь бий. Тэр үүнийг мэддэг болоод л тухайн үед хачин ч гэмээр толгой гашилгасан бодол, эргэцүүллийг бидэнтэй хуваалцдаг байсан гэж одоо итгэмээр. Харин өнөөх эсээний номоос хамгийн эхний уншсан эсээ “Хурд” гэсэн гарчигтай байлаа. Тэр эсээг анх уншсанаас хойш цаг хугацаа нэг л мэдэхэд урсан одсон байна. Яг л эсээн дээр өгүүлдэг шиг. Долоо хоног хоёрхон өдөртэй санагдах болж.

III Багшийн хичээлийн дээр хоцрох нь байтугай тасалдаг нэг ч оюутан манай ангид байдаггүй байв. Одоо ч хэвээрээ л байх. Сүүлд сонсохнээ олон оюутанд ордог лекцүүд дээр ч оюутнууд ирц бүрэн суудаг байсан гэнэ. Мөн дөө, энэ чинь л бидний багш. Багш хичээлээ маш сонирхолтой хийгээд ойлгомжтой заадаг учраас л нэг ч оюутан түүний лекцийг тасалж зүрхэлдэггүй байсан юм. Лекцээс жишээ л үлддэг юм гэж тэр хэлдэг учир хичээлээ сонирхолтой болгохын тулд өөрт тохиолдсон хийгээд олноос сонссон, уншиж, үзсэн, харсан янз бүрийн түүхээрээ жишээ татаж лекцээ баяжуулна. Сэдэв, санаагаа маш тодорхой уялдуулж, самбар дээр ихэвчлэн схем зурж, лекц уншдаг байсан учир ойлгохгүй байхын аргагүй байдалд орно. Тиймдээ ч бид маш урамтай хичээлдээ сууна. Манай ангид мэргэжлийн ур чадвар ордог болоод ч тэр үү Момо багшийн хичээл хамгийн чухал. Хоёр паар буюу гурван цаг нүд ирмэхийн зуур өнгөрнө. Хичээл завсарлах болж хонх дуугарахад бүгд л харамсдаг сан. Ингэж л тэр биднийг сонгосон мэргэжилд маань дурлуулж, эзэн байхын амт шимт, арга ухааныг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж байсан юм.

Момогийн өөр нэгэн шүлэг бичдэг шавь нь нэг удаа “Багш маш олон шавьтай. Тэр хэнийг нь ч муу, сайн гэж ялгадаггүй. Бүгдэд л адилхан заадаг. Тэдэн дундаас л бид бий болсон юм даа” гэж билээ. Нээрэн ч тийм. Оюутан болтлоо өөрсдийгөө л хүмүүжүүлж ирсэн гэж муйхарладаг бидний хэдэн нөхөд СУИС, болоод бас бус их, дээд сургуульд орж, багшаас номын дуу сонссоноор амьдралд жинхэнэ хөл тавьцгаасан. Цаашдаа та нар хэрхэх нь өөрсдийн чинь хувь зохиол гэх шиг амьдралыг бодитоор харахад тусалсан. Ямартай ч “муу” хүн байх ухаан бидэнд заагаагүй.

Түүний жил дараалан гаргасан “Эсрэг цаг” шүүмж, судлалын цуврал номууд хэрхэн эрх чөлөөтэй байхын урлагт сургасан. Тэр бол миний мэдэх хамгийн ойрын эрх чөлөөтэй уран бүтээлч юм.

Тиймээс ч хийсэн зүйлдээ үнэнч байсан хүнд эрх чөлөө олддог юм байна. Сүүлийн үед мөнгөгүй хүн ганцаардах эрхгүй гэж найзуудтайгаа хошигнон ярих болсон маань одоо тийм ч инээдтэй санагдахаа больчихлоо. Мөнгөгүй бол эрх чөлөөгүй болсон нийгэмд бид амьдарч байгаагаа ухамсарлахад хэцүү. Тэр тусмаа өөрийн хүслээр эрх чөлөөгөө бүтээнэ гэдэг ухаан шаардсан ажил. Харин тэр л эрх чөлөөний дуу хоолой болж Момо бидний дунд байна.

Одоо ч багшийн хэлсэн “Та нар намрын шарласан навчис дээгүүр алхаж явахдаа юу боддог вэ. Эмзэглэдэг үү?” гэх үгс чихэнд сонсогдсоор. Тэр үед бидний хэн нь ч юу гэж хариулахаа мэдэхгүй байсан. Харин одоо бол би хариулж чадна. “Авьяас бол эмзэглэл” гэж Д.Намдаг хэлсэн. Таны шавь намрын навчис дээгүүр гишгэж явахдаа хэнээс ч илүү эмзэглэж, түүнийгээ мэдэрдэг болсон. Газраар нэг хөглөрөх хатсан навчис дээр гишгэхэд сонсогдох тэр уйт дууг тэнгэр ч бас сонсоосой гэсэндээ би улам чанга алхалдаг юм. Гэхдээ би дотроо бол тийм гэхийн аргагүй их эмзэглэдэг. Тэр эмзэглэлээ бусдаас нуух хэрэгтэйг ч мэддэг болсон. Эмзэглэл амьд байж л уран бүтээл төрдөг. Харин навчсын дууг тэнгэр сонсох хэрэгтэй шүү дээ.