Алексей Гончарук өөрийн цахим хуудсаар дамжуулан гүйцэтгэх засаглалын тэргүүний албан тушаалаа хүлээлгэн өгөхөө мэдэгдлээ.

"Би Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийг биелүүлэхээр энэ албан тушаалд ажиллаж байгаа. Түүнийг би нээлттэй, шударга байдлын жишээ гэж боддог. Гэхдээ бидний харилцан хүндлэл, Ерөнхийлөгчид итгэх итгэлийн талаарх эргэлзээг арилгахын тулд би албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна" хэмээн Алексей Гончарук  фейсбүүк хуудсандаа бичжээ. Үүний өмнө Украины Ерөнхийлөгчийн албан ёсны сайтад Гончарукийг ажлаас чөлөөлөхийг шаардсан утгатай нийтлэл гарсан юм. Хэрэг явдлын гол учир нь өнөө өглөө YouTube сүлжээнд тавигдсан "Ерөнхийлөгчийг хэрхэн хуурах вэ" нэртэй Ерөнхий сайдын нууц бичлэг ажээ. Уг аудио бичлэг дээр Ерөнхий сайд танхимын гишүүд зарим агентлагийн дарга нартай хийсэн албан бус уулзалтын үеэр Ерөнхийлөгч В.Зеленскийг эдийн засгийн мэдлэггүй, тэнэг хэмээн ярьсан нь бичигдэн үлджээ.  Украины Засгийн газрын хэвлэлийн алба уг бичлэгийн жинхэнэ эсэх талаар мэдээлэл өгөх боломжгүй гэжээ. Алексей Гончарук өнгөрсөн оны наймдугаар сарын 29-ний өдрөөс хойш Засгийн газрыг тэргүүлж байгаа юм. Өмнө нь тэрээр  Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч даргаар ажиллаж байв.