УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хурал хойшиллоо. Дэд хорооны таван гишүүний гурав нь хуралд оролцсон бөгөөд хоёр нь гадаадад томилолттой байгаа аж. Улмаар дэд хорооны бүх гишүүний саналаар шийдвэр гаргах шаардлагатай гэж үзсэн учраас хурлыг ийнхүү хойшлуулжээ. Энэ талаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж “Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдлаа. Д.Лүндээжанцан гишүүн Ерөнхий прокурорын санал ирэхээс өмнө гадаад руу томилолтоор явсан. Ч.Улаан гишүүн санал ирсний дараа гадаад явсан. Тиймээс хоёр гишүүн хуралд оролцоогүй. Дэд хорооны гишүүд бүрэн ирцтэйгээр хуралдаж, шийдвэр гаргая гэж үзсэн. Д.Лүндээжанцан  гишүүн энэ сарын 19-нд ирнэ. Харин Ч.Улаан гишүүнийг дуудуулна. Тиймээс хоёр гишүүнийг ирэхээр дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж шийдвэрлэнэ. Ирэх долоо хоногт асуудлыг шийдвэрлэнэ” гэлээ. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ерөнхий прокуророос ямар асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлсэн бэ?

-Ерөнхий прокуророос нууц гэсэн дардастай бичиг ирсэн. Тиймээс дэд хорооны хуралдаан хаалттай болсон. Мөрдөн шалгаж байгаа хэрэг нь нууцтай холбоотой  учраас мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд өгдөг. Тиймээс нарийн мэдээлэл өгч чадахгүй.

-Прокурорын хүсэлтийг 48 цагийн дотор хэлэлцэх хуулийн заалттай. Өнөөдөр хэлэлцэж амжихгүй учраас дэг зөрчигдөх нь. Үүнийг зохицуулах хуулийн гаргалгаа бий юү?

-Тодорхой бодитой шалтгааны улмаас дэг зөрчигдөх нь. 1-2 гишүүн томилолттой байгаа учир Халдашгүй байдлын дэд хороо хуралдах боломжгүй боллоо. Ерөнхий прокурор Ч.Улаан сайдын томилолтыг мэдээгүй байсан бололтой. ирэх долоо хоногт хуралдааныг үргэлжлүүлээд явна.

-Н.Номтойбаяр гишүүнийг хуралд оролцуулах уу?

-Н.Номтойбаярыг хуралд ирүүлнэ. Гэхдээ өнөөдөр биш. Дэд хорооны гишүүдийн ирц бүрдэж, хуралдахаар хуралд оролцуулна.

-Хурлыг нээлттэй явуулах боломж бий юү?

-Нээлттэй хурал хийх бололцоо байхгүй. Нууцын зэрэглэлтэй бичиг ирсэн учраас асуудлыг нээлттэй хэлэлцэх боломжгүй.

-Өмнө нь ЖДҮХС-гийн хэрэгт холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хүлээж аваагүй. Гишүүдээ хамгаалаад байдаг юм биш үү?

-Хамгаалсан зүйл байхгүй. Өмнө ЖДҮХС-гийн асуудлыг хэлэлцэхэд “Хэрэг нь шалгагдаж дууссан бол хэрэгт холбогдсон хүмүүсийг бөөнд нь оруулж ир гэсэн. Нэг удаагийн шийдвэрээр УИХ шийдвэрээ гаргая” гэсэн. Тухайн үед “Шалгаж дуусаагүй” гэж байсан. Үүнээс хойш прокуророос санал оруул ирээгүй.