УИХ-ын чуулганы хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр Засгийн газрын харьяанд усны асуудал хариуцсан агентлаг байгуулах эрх зүйн орчин бүрдэв.
Усны агентлаг байгуулснаар усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтыг хангах, улс орны хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн усан хангамжийн асуудлыг нэгдсэн удирдлагаар ханган шийдвэрлэх боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзэж буй.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулав. Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг батлахыг дэмжлээ.