Үндэсний статистикийн хорооноос 2019 оны нийгэм, эдийн засгийн мэдээллийг өнөөдөр танилцуулав. Энэхүү мэдээллээс Монголын өчигдөр болон өнөөдөр ямар байгааг харж болохуйц юм. Үүнээс бид энэ удаадаа нийгмийн холбогдолтой зарим мэдээллийг хүргэж байна.
80 мянган хүүхэд мэндэлж, 17 мянган хүн нас баржээ
Монгол Улсын хүн ам 2019 оны жилийн эцэст урьдчилсан дүнгээр 3.3 сая болж, өмнөх оноос 63.1 мянган хүнээр өссөн байна. Мөн хугацаанд улсын хэмжээнд 80251 хүүхэд төрсний 78223 нь Монгол Улсад, 2028 нь гадаадад төрсөн байна. Тэгвэл нийт 17195 хүн нас баржээ. Эдгээрийн 17123 нь Монгол Улсад, 72 нь гадаадад нас барсан байна.
Өрх толгойлсон эцэг, эхийн тоо буурчээ
Өрх толгойлсон эх 2019 онд 69.5 мянга болж, өмнөх оноос 2542, өрх толгойлсон эцэг 18.4 мянга болж, өмнөх оноос 1 037-оор буурчээ. Түүнчлэн ганц биеэрээ амьдарч буй өндөр настай хүний тоо 39.2 мянга болж, өмнөх оноос 447 буурсан байна. Ганц биеэрээ амьдарч буй өндөр настай нийт хүний 10.3 мянга нь 60, түүнээс дээш насны эрэгтэйчүүд, 28.9 мянга нь 55, түүнээс дээш насны эмэгтэйчүүд байна. Тэгвэл улсын хэмжээнд 2019 онд 36.6 мянган өнчин хүүхэд байгаагийн 3.1 мянга нь бүтэн өнчин хүүхэд, 33.5 мянга нь хагас өнчин хүүхэд байна. Нийт өнчин хүүхдийн 3.6 мянга нь 0-4 насны, 9.2 мянга нь 5-9 насны, 12.7 мянга нь 10-14 насны, 4.0 мянга нь 15 насны, 3.6 мянга нь 16 насны, 3.6 мянга нь 17 насны хүүхэд байна.
27.2 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад өнгөрсөн онд ажилгүй 87 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 27.2 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ. Үүнээс нийслэлд 33 473 иргэншинээр бүртгүүлснээс 10 878 иргэн нь ажилд зуучлагдан орсон байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 345 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 168 нь эмэгтэйчүүд байгаа гэнэ.
Гадаадын 4.6 мянган хүн Монголд ажиллаж байна
Манай улсад 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар гадаадын 95 улсын 4.6 мянган иргэн цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна. Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 3.8 мянга нь эрэгтэй, 800 нь эмэгтэй байна. Ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийн 2.1 мянга нь Улаанбаатарт ажиллаж байна. Эдгээр гадаадын иргэдийн 1.8 мянга нь уул уурхай, олборлолтын, 990 нь боловсролын, 759 нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 267 нь боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байгаа. Мөн 197 нь барилгын, 156 нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа, 151 нь тээвэр ба агуулахын үйл ажиллагаа, 58 нь олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагаа, 56 нь үйлчилгээний бусад үйл ажиллагаа, 2.0 мянга нь бусад салбарт ажилладаг аж.