ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Дмитрий Медведевийн Засгийн газрыг огцруулсны шалтгаан тодорхой болжээ. “Форбес” сэтгүүлийн ОХУ дах хувилбарт энэ талаар бичсэн байна. Сэтгүүл уг мэдээллийг Кремлийн өндөр тушаалтан, Д.Медведев, В.Путины ойрын хүнээс авсан байна.

Эх сурвалжийн хэлснээр бол, Засгийн газрын хэрэгжүүлж буй үндэсний хэмжээний том төслүүд явц муутай байгаа нь В.Путиныг гонсойлгож, Засгийн газартаа итгэл алдрахад хүргэжээ. Оны өмнө тэр хоёр уулзаж яг энэ асуудлыг хэлэлцсэн бөгөөд төслүүдийн явц удааширснаас болоод зарим нэг төлөвлөгөө хэрэгжих боломжгүй болсныг сонсоод В.Путин ихэд бухимдсан гэнэ.

Засгийн газарт ойр бас нэгэн эх сурвалжийн хэлснээр бол В.Путин Засгийн газраа огцруулах шийдвэрийг бие даан гаргажээ. Засгийн газрын гишүүдийн хэн нь энэ талаар ямар ч мэдээлэлгүй байсан аж. 15-ны өдөр болсон Засгийн газрын хуралдаанд В.Путин оролцсон бөгөөд Д.Медведев танхим огцорч байгааг шууд зарласан байна. Сайд нарт энэ нь маш гэнэтийн мэдээлэл болсон тодорхой. Д.Медведевийн товч мэдэгдлийн араас залгуулаад В.Путин сайд нарт хандаж, хүчин зүтгэлд нь талархал илэрхийлээд Д.Медведевийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга буюу өөрийнхөө орлогчоор томилж байгаагаа зарлажээ. Бусад сайд нарыг хэрхэх талаар дурсаагүй аж.

Дараа нь В.Путин Холбооны их хуралд оролцож, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, нийгэм эдтийн засгийн байдлыг дээшлүүлэх зорилготой зарим нэг зайлшгүй авах арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Дараагийн Ерөнхий сайдад Холбооны татварын албаны дарга Михайл Мишустин яригдаж байгаа бөгөөд энэ асуудлыг өнөөдөр Холбооны хурлаар батлах юм.