УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Энэхүү хуулийн төсөл нь мал хулгайлах гэмт хэргийн ялыг чангаруулах агуулгатай. Тодруулбал, нэг мал хулгайлсан ч хорих ялаар шийтгэх бөгөөд найман бог, хоёр бодоос дээш тооны мал хулгайлбал ялыг хүндрүүлэх юм . Өөрөөр хэлбэл, нэг мал хулгайлсан ч зургаан сараас таван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Харин бусдын олон тооны мал хулгайлсан, улсын хилээр нэвтрүүлсэн, мал хулгайлахдаа автомашин, техник хэрэгсэл ашигласан, гойд ашиг шимтэй мал хулгайлсан бол 2-8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуулийн төсөлд тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлээгүй бөгөөд санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь хуулийн төслийг дэмжсэн байна.
Үүний дараа хуралдаанаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хууль санаачлагч оюуны өмч бүтээхийг урамшуулах, хамгаалах, үнэлэмжийг өсгөх, эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны өмчийн эрхийн үнэлгээ, эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс үзүүлэх дэмжлэг зэргийг төсөлд тусгажээ.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийнхэн төслийн нэрийг өөрчлөх, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тодорхойлсноос гадна хүн амын төвлөрөл ихтэй орон нутагт Оюуны өмчийн газрын хэлтэс, тасаг байгуулах боломжийг нээх асуудлыг тусгах нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах харилцааны хүрээнд оюуны өмчийн үнэлгээ хийх, тэрхүү үнэлгээг хийх эрх бүхий субъект үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл хэрхэн авах, түүний үйл ажиллагааг чиг үүргээс гадна оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэрийг тодорхойлжээ. Энэ мэт зарчмын зөрүүтэй 18, найруулгын шинжтэй гурав, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх 2 саналыг томьёолсон болохыг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь танилцуулав. Улмаар ажлын хэсгээс гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.