-Тусгай санд зарцуулах зардлын 88 хувийг гурван сан эзэлж байна-
Тусгай сангуудыг тойрсон “тусгай” хэргүүд сүүлийн хоёр жил дуулиан дагуулсан. Тодруулбал, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компанидаа тэрбум тэрбумаар нь зээл авсан 49 гишүүний мэдээлэл цацагдсан бол үргэлжлүүлэн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн зээлийн эзэд ч олон нийтэд ил болсон. Түүний дараагаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг дурдаж болно. Тус сангаас ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 27 аж ахуйн нэгжид давуу байдал олгож, тус бүрт нь 200 хүртэл сая, нийт дөрвөн тэрбум төгрөг шилжүүлсэн гэх хэрэгт холбогдох албан тушаалтнуудыг нь шалгаж байгаа. Мөн 10 гаруй гишүүний нэр ч дурдагдаад буй.
Тиймээс энэ Засгийн газар бүхнийг “шинээр эхлэх” санаачилга гарган Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг цэгцэлж, оновчтой зохион байгуулан, санхүүжилт, зарцуулалтыг ил тод, хяналттай болгох, олон нийтийн оролцоог хангах замаар тусгай сангуудын эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хуулийг шинэчилсэн. Ингэхдээ хоёр санг нэгтгэж, долоон санг татан буулгаж, нэг сан шинээр нэмсэн. Өөрөөр хэлбэл, Мал хамгаалах сан, Тариалан эрхлэлтийг дэмжих санг нэгтгэн Хөдөө аж ахуйг дэмжих сан болгож, Кино урлагийг дэмжих санг шинээр нэмсэн юм. Харин Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалыг дэмжих сан, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдэлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан зэрэг 7 тусгай санг татан буулгасан. Ингэснээр 29 тусгай сантай байсан Монгол Улс өдгөө доорх 22 сантай болсон юм.
Монгол Улсын тусгай сангууд
Тэгвэл эдгээр сангуудын энэ оны санхүүжилт хийгээд, зарцуулалтын чиг ямар байгааг харъя. Товчхондоо, тусгай сангийн тус ямар байх вэ гэдгийг тольдъё. Энэ онд Засгийн газрын тусгай сангуудаар дамжин нийт 4.3 их наяд төгрөгийн зардал санхүүжүүлэх юм байна. Үүний 88 хувь буюу 3.8 их наяд төгрөг нь Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Эрүүл мэндийн даатгалын сангуудын зарлага, 12 хувь буюу 512.1 тэрбум төгрөг нь бусад тусгай сангийн зардалд хамаарч байна.
Халамжийн санд гэхэд энэ онд нийт 756.6 тэрбум төгрөг тусгасан. Энэ нь 2019 оныхоос 62.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Нэмэгдсэн хөрөнгийн 21.1 тэрбум төгрөг нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохтой холбоотой, 17.5 тэрбум төгрөг нь халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэхэд, 13.8 тэрбум төгрөг нь “Цалинтай ээж” хөтөлбөрийн хэрэгжилтийг үргэлжлүүлэн хангахад, 12.7 тэрбум төгрөг нь Засгийн газрын 2019 оны 227 дугаар тогтоолоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотой гэнэ.
Шинээр нэмэгдсэн Кино урлагийг дэмжих сантай холбоотой багахан мэдээлэл хүргэхэд, тус сан нь үндэсний кино контент бүтээх, кино үйлдвэрлэл, дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, олон улсын кино наадам, үзэсгэлэнд Монгол киног оролцуулах, төрийн захиалгаар уран сайхны болон баримтат кино, хүүхэд залуучуудад зориулсан кино бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалттай юм. Уг сан нь цаашид өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах аж. Энэ онд сангийн санхүүжилтийн эх үүсвэрт эхлэлийн хөрөнгө болгож 10 тэрбум төгрөг олгохоор тусгажээ. Тэгвэл дуулиан дагуулсан сангуудын нэг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн нийт зардлыг энэ онд өмнөх оноос 36.8 тэрбум төгрөгөөр өсгөж, 120.1 тэрбум төгрөгөөр тооцжээ.