Өнгөрсөн даваа гаригт  Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 2019 оноос хойш удаа дараа бүлэглэн, олон байрны хулгай хийсэн этгээдүүдийг илрүүлжээ. Тэдний дунд 13 настай хүүхэд оролцсон нь шалгалтын явцад тогтоогджээ.

Урьдчилсан байдлаар шалгалтын явцад орон байрны хулгай хийсэн 60 удаагийн үйлдэлтэй нь тогтоогджээ. Бусдын орон байрнаас бэлэн мөнгө, үнэт зүйл, зурагт гэх мэт зүйл хулгайлж барьцаалан зээлдүүлэх газруудад зарсан талаар мэдүүлжээ.

ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүр “Нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдийн нутагт өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлддэг буюу бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж хулгайн гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг илрүүлсэн. Уг этгээдүүдийн дунд насанд хүрээгүй буюу ерөнхий боловсролын сургуулийн сурагч 13 настай М гэгч холбогдож шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Тэд дурдсан мэдүүлэгтээ 60 орчим бусдын орон гэрт нэвтэрсэн гэдэг зүйлийг ярьж байгаа. Цагдаагийн байгууллага үүнд шалгалтын ажиллагаа явуулж байна. Мөн тэд уг гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигладаг байсан, хулгайлсан эд зүйлээ зах, худалдааны төвүүд болон ломбардад зарж борлуулдаг гэдэг зүйлийг ярьж байгаа. Цагдаагийн байгууллага 2018, 2019, 2020 онд хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн үйлдлийн аргыг өөхшүүлж байгаа ломбардуудад шалгалтын ажиллагаа явуулна. Зохих зөвшөөрөлгүй, шаардлага хангаагүй, хулгайн гэмт хэргээр орж ирсэн эд зүйлийг авсан ломбардуудыг хаах хүртэл арга хэмжээ авна ажиллагаа явж байна.

Сэрэмжлүүлж хэлэхэд иргэд үүнд хөршийн холбоог сайжруулах хэрэгтэй байна. Мөн гудамж талбайг камержуулах хэрэгтэй” гэв.

Өнгөрсөн оны тоон мэдээллээс харахад өглөөний 08:30-аас оройн 18:00 цагийн хооронд хулгайн гэмт хэргийн ихэнх нь үйлдэгддэг байна. Мөн 2019 онд орон гэрт нь хулгай орж, эд зүйлээ алдсан ч хэрэгтнийг тогтоогоогүй бол цагдаагийн байгууллагад хандаж шалгуулахыг хүслээ.

13-хан настай хүүхэд орон байрны хулгайн хэрэгт холбогдож байгаа нь эцэг эхийн хараа хяналт, үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй байгаатай холбоотой байна. Жишээлбэл өнгөрсөн онд зөвхөн нэг дүүргийн л цагдаагийн хэлтсээс орон гэргүй хүүхдүүдийг олж илрүүлэх ажиллагаа явуулахад 60 гаруй хувь нь 12-15 насны хүүхдүүд байжээ. Өнгөрсөн оны байдлаар л гэхэд 15 хүртэлх насны хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байдал 39,7 хувиар өссөн байна.