Дуудлага худалдаагаар нийт 72.2 сая доллар нийлүүлжээ

Валютын ханшийн богино хугацааны огцом өөрчлөлтийг хязгаарлах зорилгоор Монголбанкнаас тодорхой арга хэмжээг авдаг. Тухайлбал, банк хоорондын захад долоо хоног бүрийн хоёр дахь, дөрөв дэх өдрүүдэд дуудлага худалдаа явуулж, валют нийлүүлдэг байна.

Он гарсаар өнгөрсөн долоо хоногийн эцсийн байдлаар хоёр удаагийн дуудлага худалдаагаар нийт 72.2 сая ам.доллар нийлүүлжээ. Нэг талаас нөөцийг нэмэгдүүлэх урт хугацааны арга хэмжээг авахаас гадна ханшийн огцом өсөлтийг хязгаарлах зорилгоор банк хоорондын захад интервенци хийж байгааг тус банкнаас мэдээлжээ.

2019 онд эдийн засгийн нөхцөл байдал тогтвортой  байсныг эдийн засагчид онцолж валютын ханшийн өөрчлөлт төдийлөн гарахгүй гэж үзэж байгаа юм. Он гарсаар валютын ханшид төдийлөн өөрчлөлт ороогүй. Харин өнгөрсөн онд ам.долларын ханш нь 3.4 хувь өссөн. Өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын байдлаар Монгол Улс руу орж байгаа мөнгө нь гарч байгаа мөнгөний урсгалаас их байсан юм. Өөрөөр хэлбэл төлбөрийн тэнцэл 162 сая ам.долларын ашигтай гарсан билээ. Манай улс руу орж буй мөнгө нь өссөн үзүүлэлттэй байснаар гадаад валютын нөөц нэмэгдэж дөрвөн тэрбум ам.долларт хүрээд байгаа юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)