Ямар ч улс орны түүхэнд алдаа оноо, хөгжил буурлын заагт дэнжигнэж асан цаг үе гэж бий. Эгзэгтэй тэр үед ч, энх тунх цагт ч улс, үндэстнээ урагш тэмүүлэхэд түүчээлсэн билиг оюунт, зориг золбоот эгэл жирийн эсхүл эгэлгүй охид, хөвгүүд үргэлж байсаар ирсэн.

Энэ ном бол “Монгол” гэх зургаан үсэгтэй нэрний цаана байх монгол хүмүүсийн тэн хагас болсон эмэгтэйчүүдийн туулж, бүтээж ирсэн амьдралын түүх юм.

Анхдагч, шинийг санаачлагч, түүчээ, хүний эрхийн төлөө тэмцэгч, уламжлалыг хадгалагч төдийгүй уламжлалыг эвдэгч, мэдлэг бүтээгч, ардчилсан дэглэмийг бүтээлцэгч, хамгаалагч зэрэг олон өнцгөөс шүүсэн 50 эмэгтэйн түүхээс энэ ном бүтжээ.

Эдгээр эмэгтэйчүүдийн түүхийг үлгэрчилсэн хэлбэрээр хүүрнэж, тэдний зургийг өөр өөрийн ертөнцтэй, 17-68 нас хүртэлх насны зураачид зурсан билээ. Арга барилын хувьд зураасан зургийн, монгол зургийн, реалист, комик, поп-арт гээд олон янзын техник, арга барилын зургийг энэ номноос харах нь танд болон таны хүүхдэд ихээхэн сонихон байх биз ээ. Учир нь төслийн баг уншигчдад, тэр дундаа уншигч хүүхдэд гоо зүйн мэдрэмж төлөвшүүлэхийг нэн тэргүүний зорилгоо болгон тавьсан билээ. Номын төгсгөлд зураачдын товч танилцуулгыг оруулсан ба оюуны өмчийн үүднээс гадна уншигч өөрийн сонирхсон зураг, зураачийнхаа бүтээлийг нэмж судлахад зориулсан.

Агуулгын хувьд ч, хэлбэрийн хувьд ч эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, насанд хүрсэн гээд бүх төрлийн уншигчдад таалагдах нэхүү номоор дамжуулж "Өнөөдрийн Монгол Улсыг бүтээхэд хэн, хэрхэн оролцов. Тэдэн дунд эмэгтэйчүүд байв уу” гэх асуултын хариуг олоорой.