Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийн хувийг Үндсэн хуулийн цэцэд залах ёслол өнөөдөр, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн байрны Ёслол, хүндэтгэлийн танхимд боллоо. Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон албаны бусад хүмүүс оролцов.
Ёслолын эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийн хувийг Үндсэн хуулийн цэцэд залж буйтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ.Тэрбээр, хэлсэн үгэндээ, “Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах санал, санаачилга сүүлийн 10 гаруй жил идэвхтэй өрнөсөн. Энэ удаагийн Улсын Их Хурал энэхүү үйл хэргийг 3 жилийн турш өрнүүлж, 5 сарын турш тасралтгүй хэлэлцсэнийг тэмдэглээд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийн хувийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатад гардууллаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийн хувийг хүндэтгэлтэйгээр тусгай тавцан дээр байршуулан залах ёслол үйлдсэний дараа Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат үг хэллээ.
Тэрбээр үг хэлэхдээ, “Монгол Улсын шинэ Үндсэн хууль монголчууд Та бидний сонгон авсан төрийн ардчилсан, эрх зүйт тогтолцооны үндэс суурь болон батлагдсан бөгөөд энэхүү үнэт зүйл, түүний үндсэн зарчим, мөн чанарыг сахин хамгаалах шаардлагаар Үндсэн хуулийн цэц 1992 онд анх удаа байгуулагдсан билээ.
Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьж, түүнийг зөрчсөн эсэх асуудлаар дүгнэлт гарган, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий бие даасан, хараат бус байгууллага болох Үндсэн хуулийн цэц нь гал голомтоо бадраасан тэр цагаас хойш эдүгээ 28 дахь жилтэйгээ золгож байна.
Энэ хугацаанд Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульт ёсыг дээдлэн ухамсарлуулах, Үндсэн хуулиар тогтоосон хэм хэмжээг чандлан сахиулж хамгаалах нэн хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үйл хэргийг амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд Үндсэн хуульт ёсыг чандлан сахиулж, хамгаалах, Үндсэн хуулиа дээдлэн хүндэлж, сахин мөрдөх ухамсрыг төрийн алба болон ард иргэддээ төлөвшүүлэх чиглэлээр олон чухал шийдвэр гаргаж, өөрөө ч төлөвшин хөгжиж ирснийг онцлон тэмдэглэе.
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд “Хууль дээдлэх” нь Монгол Улсын Үндсэн хуульд төрийн үйл ажиллагааны нэг үндсэн зарчим болон туссан билээ.Хуульд захирагдсан төрийн оршин тогтнох,нийгмийн амьдралын бүх хүрээнд бүрэн утгаараа хэвшин тогтох үндэс болсон Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэсэн заалт шийдвэрлэх үүрэгтэй юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат “Энэхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийг Үндсэн хуулийн цэцэд залж байгаа нь өнөө цагийн төрт ёсны уламжлал болж буй”-г онцлон тэмдэглэлээ.
Анх 2005 оны 7 дугаар сарын 8-ны өдөр тэр үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монгол Улсын Үндсэн хуулийн эхээс хуулбарлаж бүтээсэн хувийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн албан хэрэгцээнд зориулж хүлээлгэн өгч байсан билээ.