Хархорум хотын 800 жилийн ойг тохиолдуулан Ватиканд эрдэм шинжилгээний хурал хийнэ

Их Монгол улсын нийслэл Хархорум хотын 800 жилийн ойн хүрээнд ирэх тавдугаар сарын 6-8-нд Гэгээн ширээн улс буюу Ватиканд тус улстай хамтран эрдэм шинжилгээний хурал хийхээр болжээ. Мөн зургийн үзэсгэлэн нээх юм байна. Эрдэм шинжилгээний хурал нь католик шашны гэлэн Вильям де Рубрук, Папын элч Плано Карпинигийн Монголын эзэнт гүрэнд зорчихдоо баримтжуулсан шашин шүтлэгийн эрх чөлөөний асуудлаар болох ажээ. Энэ сэдэв нь шашнаар түрүү барин зөрчилдөж байгаа өнөө үед чухал ач холбогдолтой юм байна.

Уг арга хэмжээний бэлтгэл ажлын талаар Монгол Улсаас Гэгээн ширээт улсад суугаа Элчин сайд, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн Гэгээн ширээт улсын Гадаад улс орнуудтай харилцах асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Тэргүүн хамба Пол Ричард Галлагертай уулзаж санал солилцжээ. Элчин сайд Л.Пүрэвсүрэн Монголын түүхтэй холбоотой баримт, эх сурвалжийг судлах Монголын эрдэмтдийг Ватиканы нууц архив, номын санд ажиллахыг зөвшөөрч, манай судлаачдыг өнгөрсөн аравдугаар сарын 1-4-нд хүлээж авсанд Ватиканы талд талархаж, цаашид ч энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн байна.

Мөн Монголын түүхтэй холбоотой эх сурвалжийг судлахад манай судлаачдыг Латин хэл сургах боломжтой гэж Ватиканы тал мэдэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)