“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн энэ дугаарт бид чөлөөт бүсийн тухай сэдвийг хөндлөө. Монголчууд чөлөөт бүсийг байгуулж, эдийн засгаа тэтгэх бодлогыг 25 жилийн өмнөөс эхлүүлсэн.
Шинэ дугуй зохиох шаардлагагүй гэдэг шиг дэлхий дахинд туршаад үр ашгийг нь хүртсэн эдийн засгийн чөлөөт бүс Монгол Улсад ямар боломж авчрахыг өгүүлэв. Эртний түүхт Түмэн газрын цайны зам, одоогийнхоор бол гурван улсын Эдийн засгийн коридор дагуух чөлөөт бүсүүдээ үйл ажиллагааг нь эрчимжүүлэхийг цаг үе, гадаад дотоодын нөхцөл байдал биднээс шаардаж байгаа юм.
Энэхүү эдийн засгийн хамтын ажиллагааны газар зүйн гол зангилаа цэгт Замын-Үүд оршиж байгаа бол Алтанбулагийн чөлөөт бүс Европ руу холбох цэгт бий. Харин Цагааннуурын чөлөөт бүс нь баруун бүсийн аймгуудын малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг ОХУ, БНХАУ, Казахстан, цаашлаад булангийн орнууд руу экспортод гаргах гол гарц юм.
Тиймээс бид Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсийнхэнтэй уулзаж ярилцсанаа, гадаадын улс орнууд чөлөөт бүсээ хэрхэн хөгжүүлсэн туршлагаас та бүхэнд хүргэж байна.