Украинд Донбасс хэрэгтэй юу?

2014 оны Евромайдан Украин улсад юу өгсөн бэ? Орост талтай Ерөнхийлөгч Виктор Януковичийн дэглэмийг түлхэн унагаж, Петро Порошенко, Олександр Турчинов, Виталий Кличко тэргүүтэй Барууны талыг баримтлагч улстөрчид засгийн эрхэнд гарлаа. Украин үндэстэн Кремлийн нөлөөнөөс ангижирч, жинхэнэ утгаараа Европын улс болох цаг ирлээ.

Бид ирээдүйд НАТО, Европын Холбоонд элсэнэ гэж хэтийн зорилгоо тодорхойлов. Өнгөрсөн хаврын Ерөнхийлөгчийн сонгуульд инээдмийн жүжигчин, телевизийн цувралын од Володимир Зеленскийд ялагдсан Петро Порошенко манай Украин үндэстэн өнгөрсөн таван жил стратегийн хувьд зөв замдаа орсон учраас харамсах зүйл алга гэж хэлсэн дээ. Үнэндээ 1990-ээд оны эхэн үеийн задрал, бутралын үр дүнд бие даасан бодлого явуулах боломжтой болсон Төв ба Зүүн Европ, Балтийн тэнгис, Балканы хойгийн улс орнуудын дийлэнх нь өнгөрсөн 20 жилийн дотор НАТО-д аюулгүй байдлаа, Европын Холбоонд эдийн засгаа даатгаснаас үзэхэд Украин үндэстэн жам ёсныхоо дагуу Европ руу тэмүүлж буй мэт санагдана. Мэдээж Европын интеграцид нэгдсэн бусад улс үндэстнүүдтэй харьцуулбал Украин улс нутаг дэвсгэрээсээ тасдуулж, арай их өртөг төлсөн мэт. Шинэ Ерөнхийлөгч Зеленский Украины нутаг дэвсгэрийг энхтайвнаар солихгүй гэж мэдэгдэнэ билээ.

Кремль 2014 оны хавар Украины улс төрийн дотоод үймээн самууныг ашиглан Крымд бүх нийтийн санал асуулга явуулах замаар ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэчихэв. Олон улсын хэллэгээр үүнийг тусгаар тогтносон өөр улсын нутаг дэвсгэрээс тасдаж залгих гэж нэрлэдэг. Украины зүүн нутаг буюу Донбасс гэж нэрлэгддэг Донецк, Луганьск мужуудад Оросын талыг баримтлагч босогчид хяналтаа тогтоож, улмаар Украины зэвсэгт хүчинтэй тулалдаж эхлэв. Өнгөрсөн таван жил гаруйн хугацаанд Донбасст 13 мянган гаруй хүн амь эрсдэж, 40 мянга гаруй хүн шархдаж, 1.5 сая хүн орон гэрээсээ дүрвэжээ. Крым, Донбасс дахь Орос үндэстнүүдээс ч ОХУ руу дүрвэн гарсан нь олон. Зеленский өнгөрсөн даваа гаригт Парис хотноо Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы Канцлер Ангела Меркель, ОХУ-ын Ерөнхийлөгч Путин нартай уулзаж, Донбассыг төвшитгөх талаар ярилцав. Орос, Украины төрийн тэргүүнүүд хамтарсан мэдэгдэл гаргаж, хэд хэдэн асуудлаар тохиролцов. Энэ ондоо багтаан Донбасс болон Украины хилийн ойролцоо зэвсэгт мөргөлдөөнийг бүрэн зогсооно, олзны хүмүүсээ солилцож, хилийн бүсийн хот суурингуудаас цэргээ эргүүлэн татахаар болжээ. Ирэх хавар тохиролцоо хэрхэн хэрэгжиж байгааг хоёр тал шалгах аж. Гэхдээ 2014 оноос хойш Беларусийн Минск хотод хэд хэдэн удаа тохиролцсон гал зогсоох хэлэлцээр үе үе зөрчигдөж байсныг дурдах ёстой. Тэгэхээр Орос, Украины хооронд тогтвортой байдлыг бий болгох нь нэлээд хугацаа шаардах ажил болов уу.

Украинчууд Крымийг тавиад туучихсан даа. Энэ талаар Оросын хэвлэлүүдэд “Кремль нэг шөнө гэнэт ухаараад Крымийг Украинд буцаагаад өгнө гэж бодоо юу? Бид том алдаа хийсэн байна гэж оросууд хэлэх үү? Путины засаглалын үед лав ийм зүйл болохгүй” гэж бичиж байна. Тэгэхээр Украины хувьд Крым биш, Донбассыг алдахгүй байх нь хамгийн бодит зорилго мэт. Путин, Зеленский нар Нормандийн дөрвийн яриа хэлэлцээний хүрээнд Германы Ерөнхийлөгч Франк- Вальтер Штайнмайерын боловсруулсан томъёоллыг хэрэгжүүлэх боломжтой юм гэж ярьж. Гэхдээ зөвхөн яриа хэлэлцээний түвшинд шүү. Үүнийг Украины үндсэрхэг үзэлтнүүд ч хүчтэй эсэргүүцдэг. Учир нь Донбасст Украины үндсэн хуулиар тусгай статус олгоно гэдэг нь оросуудад бууж өгснөөс ялгаагүй гэж тэд үзэж байна. Энэ хувилбараар Донецк, Луганьск мужуудад Украины хуулийн дагуу сонгууль явуулж, Украины улс төрийн намуудыг сонгуульд оролцуулахыг зөвшөөрөх ёстой. Сонгууль явуулахаас өмнө зэвсэгт мөргөлдөөнийг бүрэн зогсоож, Украин-Оросын хилийг Украины зэвсэгт хүчин хяналтдаа авах учиртай. Улмаар сонгууль шударга явагдсан эсэхийг Европын ажиглагчид дүгнэсний эцэст тусгай статус олгох аж.

Хэрвээ Орос-Украины хоорондын тохиролцоо бодитоор хэрэгжвэл Киев Донбассаа тусгай статустайгаар ямар ч байсан бүрэлдэхүүндээ авч үлдэхээр харагдаж байна. Крымийн хувь заяаг давтахгүй л гэсэн үг. Гэхдээ Крымийг алдсан нь Украинд хохиролтой юу, эсвэл эсрэгээр бүр сайн зүйл болсон уу гэх өнцгөөр бичсэн нь ч бий. Тухайлбал, Крымийг алдсанаар Украины хүн ам дахь оросуудын тоо цөөрч, Оросыг дэмжих хандлага суларна гэж бичсэн байхыг уншиж л байсан. Саяхан Ратгерс Их сургуулийн профессор, Украин гаралтай Америкийн түүхч, улс төр судлаач Олександр Мотиль “Украин улс Донбассыг явуулах цаг болсон” гарчигтай нийтлэлээ вэбсайтад тавьжээ. Тэрээр Донбасс бол Украины хамгийн хуучнаа санагалздаг, шинэчлэлийн эсрэг, Европын эсрэг, Оросыг баримтлагч, Зөвлөлт маягийн засгийг дэмжигч бүс нутаг гэж хурцаар шүүмжлээд, Виктор Януковичийн авлигад автсан Бүс нутгийн нам гэгч улс төрийн байгууллага нь Донбассаас гарч ирснийг сануулжээ. Профессор Олександр Мотилийн бодлоор Украин улс өнгөрсөн таван жил Европыг чиглэсэн шинэтгэл хэрэгжүүлж, чамгүй амжилт олсон учраас хөгжлийг хойш нь татаж болох Донбассыг бараг орхисон нь дээр аж. Нэгэн цагт Украины хүнд аж үйлдвэр, ашигт малтмалын төв болж байсан Донекцийн дотоодын нийт бүтээгдэхүүн бараг 75 хувиар буурч, ажилгүйдэл нэмэгдэж, аж үйлдвэр уналтад орсныг онцлоод үүнийг засахын тулд Украинд 20 тэрбум доллар хэрэгтэй бөгөөд мэдээж ийм их мөнгө Киевт байхгүй гэдгийг сануулсан байна.

Профессорын эцсийн дүгнэлт нь: “Донбассыг эргүүлж Украинд нэгтгэх нь хэтэрхий өндөр өртөгтэй байх болно”.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. газар бол улсын үндэс.модун шаньюу.

    0 0 Хариу бичих
  2. Оросууд хөршүүдээсэ яаж ийж байгаад л газар нутаг авчих шинжтэй юмаа. Тиймдээ ч дэлхийн хамгийн том газар нутагтай

    1 0 Хариу бичих