Японы нэрт зохиолч Дазай Осамү "Хүн байх эрхгүй" намтарчилсан бэсрэг романы тухай нийтлэлийг хүргэж байна.

Яг одоо таны урд буй эл бичвэрийг уншиж буй цаг хугацаанаас найман арван, нэг жарны өмнө Японы нэрт зохиолч Дазай Осамү төрж, амьдарч мөн тэгээд үхжээ. Сул дорой учраас л амьдрах итгэлээ алдаж, амиа хорлох оролдого таван удаа хийсэн түүний хамгийн сүүлийн оролдлого амжилтад хүрч "Чамд дургүй болсондоо үхэж байгаа юм биш. Бичиж чадахгүй болсон тул үхэхээр шийдлээ." (Орчуулагч Д.Алтанцэцэг "Зохиолчийн тухай") хэмээн эхнэртээ хаяглаад хорвоогоос нэгэнтээ хальсан гэдэг.

ХҮН

Түүний тухай ялгуун биш ч гуниг дүүрэн сэтгэгдэлээ өгүүлэхийг хүссэн нь “Хүн байх эрхгүй” зохиолоос үүдэлтэй. Өнөөх мэлтэзлсэн, дүүрэн гуниг одоо ч дундраагүйг, аль ч цаг хугацаанд ялгаагүй сул дорой хүмүүс оршсоор ирснийг илтгэх мэт Дазай “Хүн байх эрхгүй” намтарчилсан бэсрэг романаа бичиж үлдээжээ. Тус зохиолыг монгол хэлнээ хөрвүүлж, уншигчдад хүргэсэн нь их зол завшаан гэлтэй. Номын төгсгөлд орчуулагч зохиолчийн тухай цохож үлдээсэн мөрүүд дунд “Өсвөр залуу насны эмзэглэмтгий нүцгэн сэтгэлээ багаар хучилгүй, булзааруулалгүй, нэг насаараа зовиураа тэвчин үнэнээ бичсээр ирсэн юм...”, “Жинхэнэ хувьсгалын төлөө үзэсгэлэнтэй мөхөл хэрэгтэй...” (Орчуулагч Д.Алтанцэцэг "Зохиолчийн тухай") гэх мэт үгс бичигдсэн байсан нь “Бичихээрээ би нэг их том хүн болчихдог. Амьдрал дээр арчаагүй, сул дорой нэгэн байж...” гэж нэг удаа бичиж байсныг минь эрхгүй нэхэн санагдуулж, энд тэмдэглэхэд хүргэв. Сул дорой хүнээс яаж ийм хүчирхэг үгс гарч болно вэ гэж магад та гайхаж байна уу?

Зохиолчдод нэг бус удаа зохиол, бүтээлдээ би ийм хүн байсан шүү, ингэж амьдарсан шүү, туулсан, мэдэрсэн, харууссан бүхэн минь энэ шүү хэмээн мөнхөлж үлдээх хүсэл төрж л байсан байх. Дазайгийн хувьд магадгүй тэр л хүслийнх нь биелэл болж "Хүн байх эрхгүй" зохиол мэндэлсэн болов уу. Дазай төрөлхийн ертөнцийг үгүйсгэгч үзэлтэн байсан учир түүний амьдрал ихэд ээдрээтэй, нугачаа бүрдээ өгүүлэх түүх нь бараан тэр хэрээр үзэж, туулсан, сонсож, харсан зүйлс ч арвин байсан биз. Тиймдээ ч түүний амьдралыг уудлахын тулд “Хүн байх эрхгүй” зохиолыг сонгож уншсан ч хүмүүс их бий гэдэгт эргэлзэхгүй байна. Нэгнээ таних мэдэх, тэр тусмаа Дазай мэт хүмүүний амьдралыг уудлах сан гэсэн хүсэл уншигчид магадгүй хүн бүрд л төрдөг шүү дээ.

БАЙХ

Баян айлын отгон хүү болж мэндэлсэн түүний хувьд эрх ямба хийгээд өөрт ноогдох, эс ноогдох бүгдийг эдлэх эрх чөлөөтэй байсан ч эсрэгээр төрсөндөө туйлдаж гүйцсээр өсжээ. Ядуу хүн ядуугаа, баян хүн баянаа мэдрэх шиг хоёр туйлт мэдрэмж ховор. Тэр тусмаа бага балчир насандаа өөрийн хувь заяаны хөөрхийлөлтэй сүүдрийг олж харсан нь Дазайд хүнд цохилт болов. Багаасаа ном зохиол, дүрслэх урлаг, урлагт дуртай байснаа "Хүн байх эрхгүй" зохиолын гол баатар Ёочян буюу өөрийн би төвт дүрээрээ тодорхой илэрхийлсэн байдаг.

Зохиолын төгсгөлд Ёочян болон түүний найз Хориги нар өөрсдийн бодож олсон наадгай буюу таавар тааж тоглодог. Тэднийхээр бол тамхи гэх үг трагеди буюу эмгэнэлт, манга зохиолч мөн л эмгэнэлт, эмч гэх үг комеди буву инээдмийн, лам мөн л инээдмийн үг аж. Харин цагаан гэх үгний эсрэг утгатай үг бол улаан, улааны эсрэг үг хар хэмээдэг. Тэгвэл "хүчирхэг" эмгэнэлт үг үү, инээдмийн үг үү? Минийхээр бол гарцаагүй инээдмийн үг. Хүчирхэг гэдэг үгийн антоним буюу эсрэг утгатай үг сул дорой байж болох уу.

Магадгүй зохиолч, зохиолчоос ангид хувь хүн нь өөрөө сул дорой учраас л тийм хүчирхэг үгс гарч болох. Дазай Осамү хүн байх эрхгүй хэмээн өөрийгөө ялласан ч яг үнэндээ хүний амьдралаар амьдрах бүрэн эрхтэй нэгэн байжээ. Тиймээс ч "хүн" гэдэг үг эмгэнэлт, инээдмийн алин болохыг тодорхойлохын тулд Дазай эл зохиолоо бичсэн мэт. Хүн гэх үгийн эсрэг утгатай үг "эрхгүй", ойролцоо утгатай үг "эрх" байж болох юм. Энэ өнцгөөс харвал Дазай эмгэнэлт хүн төрлөөсөө хагацаж амьдрах эрхээс чөлөөлөгджээ.

“Амжилтад хүрмээр байна, дэвшиж дээшилмээр байна, алдартай болмоор байна гэх дээшлэх чиглэлийн морал, ханаж цуцашгүй дэвэлтүүд, сэтгэлгээ нь эцсийн дүндээ худал хуурмаг, шударга бус нийгмийг л бүтээж, улам л лавшруулна. Тиймээс Дазай юун түрүүнд өөрийн доройтолдоо тууштай байв...”, "Энэ нийгэмд хязгаар гэж бий, өөрийн чин үнэн гэж бодсон замаар явах аргагүй. Бодит амьдрал болон уран зохиолыг хослуулах боломжгүй юм байна хэмээн шантарсаар. Тэгээд би гэдэг хүн үхсэн, зөвхөн зохиолч гэдгээрээ л амьд явъя. Бодит амьдрал дотор бус уран зохиол дотор л үнэн амьдаръя хэмээн шийдэв..." (Орчуулагч Д.Алтанцэцэг "Зохиолчийн тухай")

Нийгмийн эд эсэд өөрийн дотоод асуудлыг ярихад ихэнх хүмүүс ойлгохгүй, төвөгшөөх хандлагатай байдаг мөртлөө хатуу шүүмжлэл хэлэхдээ хэзээ ч цааргалдаггүй...

ЭРХГҮЙ

"Хүн байх эрхгүй" зохиолын тухай нэгэн тэмдэглэлд “Бурхнаас асуусу. Итгэл гэдэг нүгэл юм уу?, Цагаан цайлган сэтгэл гэдэг нүгэл юм уу?, Үл татгалзах нь нүгэл юм уу?” Мэдээж хүний гуйлтад татгалзсан хариу өгч чаддаггүй цагаан цайлган сэтгэлтэй, итгэгч нэгэн байх нь “нүгэлтэнд” үл тооцогдоно. Гэвч романд өгүүлж буйгаар бол гол дүрийн баатар маань яг л гэнэн цайлган, итгэмтгий, үл татгалзагч учраас, эл сул дорой байдлаа хүлээн зөвшөөрсөн тул өөрийгөө нүгэлтэнд тооцож, хүн байх эрхгүй болно. Тиймээс ч үхэхээс өөр зам үгүй..." хэмээн тэмдэглэжээ. Гэвч Ёочаныг би гэнэн цайлган, итгэмтгий, үл татгалзагч учраас сул дорой байдлаа хүлээн зөвшөөрсөн гэж бодохгүй байна. Учир юу гэвэл гэнэн цайлган, итгэмтгий, үл татгалзагч байна гэдэг нь сул дорой байхын нэр биш юм. Харин ч тэрээр бусдын амнаас гарах авианы цаана ямар атгаг санаа нуугдаж буйг ухаж ойлгохдоо гаргууд, болох үйл явдлыг урьдчилан төсөөлж, тооцоолохдоо ч сайн нэгэн байсан. Тиймгүй бол амьдралынхаа турш бүтээсэн дүрдээ тэгж сайн тоглож чадахгүй байхсан.

Ёочян хүчирхэг учраас сул доройг сонгосон. Дазай Осамү ч ялгаагүй. Түүний эл хүчирхэг байдал бодит амьдралд сул доройн дүрээр сүүдрээ тусгасан нь хүн байхаас татгалзах шалтгаан байсан биз ээ.

Өөрийн дотор хэзээ ч үл унтрах хүч чадлыг мэдэрсэн тэрээр насан туршдаа сул доройн баг дор шатаж явжээ. Тиймээс ч нэгэн цагт "Жаахан сул дорой бай. Зохиолч юм бол жаахан сул дорой бай." (Орчуулагч Д.Алтанцэцэг "Зохиолчийн тухай") хэмээн өгүүлсэн биз ээ.