“...Хүн худалдаалах гэмт хэрэгтнүүд Монгол улсын нутаг дэвсгэрт дотоод, гадаадын хүний наймааны хохирогчдыг мөлжиж, улмаар хилийн чанад руу гаргаж байна. Гэмт этгээдүүд хүний наймааны хохирогч болсон гадаад иргэдийг Монгол Улсаар дамжуулан Орос, Хятад зэрэг улс руу наймаалцдаг байж болзошгүй байна. Монголын эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүдийг албадан хөдөлмөрлүүлэхээр Хятад, Казакстан, Норвеги, Швед, Турк улсуудад, харин бэлгийн мөлжлөгт ашиглахаар Бельги, Камбож, Хятад, Герман, Хонконг, Япон, Макао, Малайз, Өмнөд Солонгос, Швед, Турк, АНУ руу болон Монгол Улс дотроо худалддаг байна. Хүний наймаачид зарим үед хар тамхи, олон нийтийн хуурамч сүлжээ, ажлын байрны цахим зар, англи хэлний хөтөлбөрүүд зэргийг ашиглан хохирогчдыг хууран мэхлэх замаар бэлгийн мөлжлөгт татан оруулдаг ажээ...”
Энэ бол сүүлийн таван жилийн төлөв байдалд тулгуурлан Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамнаас гаргасан хүний наймааны төлөв байдлын дүгнэлт. Монгол хүнийг бараа таваар шиг зарж, наймаалж, биеийг нь үнэлүүлж, хөдөлмөрийг нь мөлжиж байгааг Монголын төр засаг олж харахгүй байна уу, эсвэл харж мэдсэн ч дарж нууцалж байна уу? Юутай ч олон улсын хүний эрхийн байгууллага, дотоодын иргэний нийгмийн байгууллагуудад энэ талаархи мэдээлэл, судалгаа багагүй бий ажээ.
Хөдөө орон нутгийн ба эдийн засгийн хувьд ядуу гэр хорооллын хохирогч нар Улаанбаатар хотод, аймгийн төвүүдэд болон хилийн ойр орчим бэлгийн мөлжлөгт олноороо өртөж байгааг АНУ-ын Элчин сайдын яамны тайланд онцолжээ. Иргэний нийгмийн байгууллагын сүүлийн үед хийсэн судалгаагаар гэр бүлийн хүчирхийлэл нь ихэнх монголчуудыг хөдөлмөр эрхлэлтийн аюултай сонголт хийхэд хүргэж, хүний наймааны хохирогч болгож, хүн худалдаалдаг гэмт этгээдүүдийн гарт ороход нь нөлөөлж байна гэсэн дүгнэлт гарсан аж. Гэр бүлийн хүчирхийллийн цаад давхар хор уршиг, сөрөг нөлөө энэ юм. Гэр бүлийн хүчирхийллийг яг энэ өнцгөөс харж, ийм үзүүр сэжүүрээс нь хөвөрдөж хөөж үздэг хууль, хяналтын байгууллага хэр олон юм бол.
Хүний наймаа гэдэг холбоо үг ганзагын наймаа гэдэг шиг чихэнд дасал дотно болж байгаагийн цаана нийгмийн сайн сайхныг харх шиг мэрж, шарх шиг буглуулж буй муу муухай оршиж буй. Энэ муу муухайг таслан зогсоох хүсэл сонирхол эрх баригчдад тун бага байгаа ажээ. Тиймээс АНУ-ын Элчин сайдын яам жил бүр гаргадаг хүний наймааны төлөв байдлын ээлжит тайландаа “Монгол Улсын Засгийн газар хүний наймааг таслан зогсооход тавигдах наад захын шаардлагыг бүрэн хангахгүй байгаа” хэмээн онцолсон бизээ.
Хүний наймааг нийгмийн өвчин гэж төсөөлөх юм бол энэ өвчин үүсч буй учир шалтгаан, үе шат, үйл явц, шинж тэмдэг хийгээд хэрхэн түүнийг анагаах арга замыг дээрх тайланд тодорхой дурдсан ажээ. Хүний наймаатай тэмцэх чиглэлээр УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, алхмуудыг бүгдийг заагаад тодорхойлоод өгчихсөн гэсэн үг. Тухайлбал, хүн наймаалах гэмт хэрэгтэй тэмцэх хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгсдэд ногдуулах ялыг чангатгах, хохирогчдыг хамгаалах, үүнд зориулж тодорхой хөрөнгө төсөвлөдөг болох гэх мэт зөвлөмжүүдийг Монгол Улсын Засгийн газарт өгсөөр ирж. Мөн хүн наймаалах гэмт хэргийн нөхцөл байдал ямар байгааг жил бүрийн дэлгэрэнгүй тайландаа тусгаж мэдээлсээр байгаа аж.
Харамсалтай нь байдал дээрдсэнгүй. Харин ч сэтгэл эмзэглүүлэм мэдээлэл нэмэгдсээр. Тухайлбал, охид, эмэгтэйчүүд массажны газар, хууль бус эмсийн хүрээлэн, зочид буудал, баар цэнгээний газар, караоке клубүүд болон зарим тохиолдолд орон нутгийн цагдаагийн ажилтнуудын гар бие оролцсон байдлаар бэлгийн мөлжлөгийн зорилго бүхий хүний наймаанд дотооддоо өртөж байна гэж Монгол Улсын хүний наймааны төлөв байдлыг 2019 оны тайланд дурджээ. Орон нутгийн цагдаагийн ажилтнууд бэлгийн мөлжлөгийн зорилго бүхий хүний наймаанд гар бие оролцож байгааг хөндлөнгийн судалгаагаар хэлээд өгчихлөө. Засгийн газар үүнийг таслан зогсоох талаар цаг алдалгүй ажиллах ёстой. Миний цагдаа намайг хамгаална гэдэг үг соц нийгмийн уриа ч гэлээ агуулга нь хэвээр. Гэтэл иргэдээ хамгаалах цагдаагийн ажилтнууд хүний наймаагаар хөлжиж суугаа бол эмгэнэл төдийгүй улс үндэстнээ мөхөөх айдас түгшүүрийн харанга билээ. Ийм нөхцөлд хууль хэрэгжүүлэх, шударга ёсыг тогтоох талаархи Ерөнхий сайдын яриа хий хоосон зүйл болж замхарна.
Бүр ноцтой нь Монголын зарим албаны хүмүүсийн авлигын асуудал нь хууль бус үйл ажиллагаа явуулж буй газрууд дахь бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийг өөгшүүлснээр, хүний наймааг таслан зогсоох засгийн газрын хүчин чармайлтад сөргөөр нөлөөлж байгаа тухай ажиглагчид дурдсан гэдгийг АНУ-ын Элчин сайдын яамны тайланд онцолжээ.
Япон, Өмнөд Солонгос улсын жуулчид хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох сонирхлоор Монголд ирдэг гэж өмнөх жилүүдэд тайлагнаж байсан бол иргэний нийгмийн зарим бүлгүүдийн мэдээлж байгаагаар энэ явдал улам газар авсан байж болзошгүй байна хэмээн 2019 оны тайланд онцолжээ. Энэ мөн л сэтгэл түгшээх мэдээлэл. Өмнөх жилүүдэд тайлагнасаар байтал Засгийн газрын холбогдох яам, агентлаг секс жуулчлалыг таслан зогсоох талаар ажиллаагүй гэсэн үг. Тиймээс энэ бусармаг үйл ажиллагаа улам ноцтой болж хүүхэд багачуудыг онилж байгаа ажээ. Жуулчдын тоог нэг саяд хүргэнэ гэсэн үндэслэл тооцоолол муу хөөсөрсөн мэдэгдэлдээ хүрэх гэж үүргэвч үүрж орж ирж байгаа гадаад хүн бүрт найр тавиад байх нь хэр оновчтой вэ. Гадаадын жуулчдад тавих хараа хяналт, шалгуур шаардлага ямар байгаа билээ. Үүний хариулт нь тодорхой. хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох сонирхолтой жуулчид Монгол ирэх нь нэмэгдэж, ийм жуулчлал газар авсан байж магадгүй гэдэг бол ноцтой мэдээлэл. Ноцтой дүгнэлт. Тагнуул, цагдаагийн байгууллага энэ талаар ажиллах ёстой.

Өмнөговь аймагт Хятадын хилээр нүүрс тээвэрлэж буй ачааны машины жолоочдын паспортыг ажил олгогчид нь тээврийн хэрэгслийн барьцаа болгож хураан авч байгаа нь тэднийг хөдөлмөрийн мөлжлөгт өртөх хүчин зүйл болж байна. Эдгээр жолооч нар хилээр нэвтрэх зөвшөөрөл авч, Хятадад нүүрсээ хүргэж өгөх хүртэл хэдэн долоо хоног, хэдэн сарын туршид хагас нойртойгоор ачааны машины цуваанд байнгын хүлээлгэнд зогсдог байна. Хүргэлт хоцроход үйлчлүүлэгчид цалин хөлсийг нь бууруулдаг учир ийм алдагдал нь тэднийг хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэлд оруулдаг байна. Залуу охид, эмэгтэйчүүд уул уурхайн компаниудыг Хятадын хилтэй холбодог нүүрс тээвэрлэх зам дагуу хил нэвтрэхээр хүлээж буй жолооч нарт болон уул уурхайн жижиг тосгон, хотууд, Өвөрмонголын хил дагуух шөнийн цэнгээний газруудад биеэ үнэлж ашиглуулах эрсдэл өндөр байна.
Тайланд ингэж дүгнэж, анхааруулжээ. Хил орчмын уул уурхай дагасан амьдралын сүүдэртэй тал нь энэ. Үүнийг ярьж, бичдэг ч өөрчилж, сайжруулсан зүйл тун бага. Улам ужгирч, урхагшиж буй нийгмийн үзэгдэл болжээ. Өмнөд хил орчмын уул уурхай болон Хятадын хилийн дагуу хот, сууринд монгол охид, бүсгүйчүүд бэлгийн мөлжлөгт өртөж, хүний наймааны золиос болж байгаагийн зэрэгцээ уул уурхайд ажиллаж буй хүмүүсийн үр хүүхдүүд давхар хүний наймаа, бэлгийн мөлжлөгт өртөх эрсдэлд орж байгаа нь аюулын харанга дэлдэж буй юм.
“...Уул уурхайд ажиллаж буй ажилчид урт хугацааны ээлжийн гарааны үеэр үр хүүхдээ гэртээ орхисноор тэд бэлгийн мөлжлөгт өртөх өндөр эрсдэлд орж байна. Түүнчлэн бага насны хүүхдүүд бичил уурхайтай холбоотойгоор албадан хөдөлмөр эрхлэлтийн мөлжлөгт өртөж байна” хэмээн тайланд дурджээ. Нэг нь нөгөөгөөс нөхцөлдсөн ийм бусармаг үйлдлийн далд сүлжээ улсын хил орчимд аалзны тор шиг болжээ. Хүнээ хамгаалдаггүй хуулийн дор хүний наймаа цэцэглэж байна.