Хил хязгааргүй тамын тогоо

Бид хүүхэд байх цагаасаа “Тамын тогоо”-нд орсон монголчууд нэг нь нэгнээ татан унагасаар байдаг тухай хошигнон ярьцгааж, бие биенээ цаашлуулж, шоглодог байж билээ. Харин энэ шог хошин наригаа маань инээдэм биш ханиадам болж, улмаар нийгмийн засаршгүй эмгэг бүрэлдэн буйг эргэн нэг сануулах цаг болжээ.

Монгол орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн он жилүүдэд Тамын тогооны үлгэр жинхэнэ ёсоороо “амилаж”, нийгмийн амьдралын салаа мөчир бүрт бөөс хуурс мэт нэвтэрч, хүний мөс чанар, ёс суртахууныг хувалз мэт сорох боллоо.

Учир шалтгааны эрэл

Тамын тогооны учир шалтгаан нь, гай нь өнөө цагт “Мөнгө” хэмээх зах зээлийн гол хөшүүрэгээс л болж байгаа юм гэж хүн бүр шахуу бахархалтайгаар хэлж, зах зээлийн өрсөлдөөний зарчмыг буруутгах бизээ. 

Гэтэл мөнгө байгаа чанараараа өөрөө амьгүй зүйл. Мөнгийг “амь оруулж”, нийгмийг “бүтээн байгуулах хүчирхэг хэрэгсэл”, эсвэл нийгмийн ёс суртахууныг “эвдэн сөнөөх хөнөөлт, муйхар зэвсэг” болгодог субьект нь хүмүүс бид өөрсдөө. 

Бидний нэг хэсэг нь нийгмийн баялагийг бүтээж, мөнгийг арвижуулдаг. Тэднийг бид хааяа хааяа баяр ёслол, хурлын индрээс “бизнес эрхлэгчид”, “баялаг бүтээгчид” гэж бахархалтайгаар нэрлэдэг. Өнөөдөр Монголын эдийн засгийн 80 гаруй хувийг баялаг бүтээгчид, түүний дотроос хувийн хэвшлийнхэн үүрч, тэд нийгмийн баялагийг арвижуулж, “мөнгийг үйлдвэрлэж” байна. Ганцхан жишээ хэлэхэд, Монгол Улсын ДНБ сүүлийн арван жилд 10 гаруй дахин өссөн нь хувийн хэвшлийнхний хөдөлмөрийн үр дүн гэдгийг манайд үйл ажиллагаа явуулдаг Олон улсын санхүү, хүмүүнлэгийн байгууллагууд хүлээн зөвшөөрсөн байгаа. 

Гэтэл хувийн хэвшлийнхний бүтээсэн, барьж байгуулсан, хийж байгаа нөр их хөдөлмөр нь бус, хийж бүтээснийхээ шанд, хөлс хүчээ гарган байж олж байгаа мөнгө нь, тэдний шударга хөдөлмөрөөрөө олсноо эдэлж, хэрэглэж байгаа хөрөнгө, өмч нь нэг хэсэг хүмүүсийн шуналыг хөдөлгөж, түүнээс нь хувь хүртэх, болж өгвөл бүр булааж авах хорон сэтгэлийг нь хөдөлгөдөг ажээ. 

Тиймээс өөрсдөө үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж, баялаг бүтээж, мөнгө олж үзээгүй байж, мөнгөнд шунан дурлагсад, хязгааргүй шуналын “хүүдийнүүд”, тэдний хүний мөс чанар, иргэний ёс суртахууны ялзарсан доройтол нь өнөөгийн Монголд Тамын тогооны үлгэрийг жинхэнэ ёсоор амилуулагч нь гэвэл бодит үнэнд нийцнэ. 

Ийм л хүмүүс баялаг бүтээгчдийг “панзчин”, “наймаачин”, “лицензи эзэмшигч”, “газар орон сүйтгэгч”, “олигархи” гэх мэт зүйл бүрээр, санаа зорилготойгоор дайрч довтлон, тэднийг нийгэм, олон нийтэд муухай харагдуулахыг зорьдог байна. Энэ бусармаг үйлдэлдээ хэвлэл, мэдээлийн хэрэгсэл, сошиал сүлжээ, эрх мэдэлээ ч чадварлаг ашиглах боллоо. Сүүл сүүлдээ хар муу санаа, хорон муу үйлдэлээ нууж хаах, ичих цэрвэхээ ч больж байх шиг. Шууд л “хураах”, “авах” тухай ярьдаг болжээ. 

Тэр ч байтугай, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх учиртай Ерөнхийлөгчөөсөө эхлээд төр, засгийн удирдлагууд, улс төрийн намууд, хувь улс төрчид нь хүртэл сонгогчид, иргэддээ бэлэн мөнгө амлаж, тарааж, хувь хүний бэлэнчилэх сэтгэлгээг өөгшүүлж, нийгэмд ядуу хоосны сэтгэл зүйг дэвэргэж, ард түмнээ баян хоосноор нь хувааж, хооронд нь хагаралдуулж, хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэлэж, үүгээрээ өөрсөддөө ашигтай улс төрийг хийдэг болоод байна. Үүний нэг тод жишээ бол зарим нэг ашигт малтмалын ордыг хураан аваад иргэддээ тэгш тарааж, шударга ёсыг тогтоож байгаа мэт гажуудсан ойлголтыг олон нийтэд түгээж байгаа “Тэтгэвэрийн зээлийг тэглэх” Ерөнхийлөгчийн Шинэ оны амлалт гэж хэлж болно. Уг нь Ерөнхийлөгч нь хүртэл эх орноо ингэж хорлож болохгүй юмсан. 

Улс төрчдийн хорон үйлдэл улсынхаа хил хязгаараас хальж, гадаад оронд суугаа монголчуудад маань хүртэл “халдварлаж”, учир ойлгохгүй хүмүүс хэн нэгнийгээ бус, харин улс орноо, яг үнэндээ өөрөө өөрсдийгөө хорлох болсон нэгэн мэдээллийг жишээ болговой.

Тайлал

Тайлал болгон нэгэн түүх нуршихаас аргагүйд хүрч байна. Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа ЭСЯ-наас Их Монгол улс байгуулагдсныболон Ардын хувьсгалын ойн их баяр-Наадмыг тохиолдуулан “Стокгольмын Наадам” үйл ажиллагааг 2010 оноос эхлэн өнөөг хүртэл Швед дэх Монголчуудын холбоотой хамтран зохион байгуулж ирсэн.

Мөн Швед дэх Монголчуудын Холбооноос зохион байгуулдаг Шинэ жилийн Цэнгүүнд Элчин сайд болон ЭСЯ-ны хамт олон оролцож, монголчууддаа шинэ оны мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэж, хүүхэд, залуучуудад шагнал урамшуулал гардуулдаг уламжлалтай.

2011 онд Дэлхийн Монголчуудын Чуулганы Европын Бүсийн уулзалт-“Монголын өдрүүд”-ийг Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Шинжлэх Ухааны академи, Дэлхийн Монголчуудын чуулган ОУ-ын ТББ (ДМЧ), Монголын Энх тайван, найрамдлын төлөө холбоо(МЭТНТХ), Монгол-Шведийн Нийгэмлэг (МШН) хамтран Швед улсын нийслэл Стокгольм хотноо анх удаа зохион байгуулахад зохион байгуулалтын ажилд Швед дэх Монголчуудын холбоо ЭСЯ-тайгаа мөр зэрэгцэн идэвхи санаачлагатай оролцож байлаа.

Монголчуудын сагсан бөмбөгийн “MGL” баг Шведийн сонирхогчдын Лигийн 5-р дивизионд 2009 оноос эхлэн тоглож, 2012-2013 оны улирлын тоглолтод “MGL” багын сагсан бөмбөгчид 13 хожил, 4 хожигдолтойгоор зиндаандаа Хоёрдугаар байрт шалгарч байв. Ажил, сургуулийнхаа хажуугаар цаг, зав гарган сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг залуучуудын маань хувьд энэ бол багагүй амжилт төдийгүй, эх орноо санагалзсан монголчуудыг эвлэлдэн нэгтгэдэг, Монголыг Шведчүүд төдийгүй гадаадынханд сурталчилан таниулдаг чухал ажил гэж үнэлж, баг тамирчдынхаа Лигид тоглох жилийн татвар, хураамжийг ЭСЯ-ны зүгээс хариуцдаг байж билээ.

Энэ бүхэн бол Элчин сайд байсан хүний хувьд дурсаж явдаг сайхан дурсамжууд бөгөөд Монголынхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй олон залуусын хамтын хүч, хөдөлмөрөөр энэ бүхнийг хийж, хэрэгжүүлдэг байлаа. Эх орон нэгт монголчуудынхаа дунд зохион байгуулах соёл, урлаг, спорт, баяр ёслолын арга хэмжээг Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо /ШМҮХ/ гэдэг төрийн бус байгууллага хариуцан зохион байгуулж, ЭСЯ-ны зүгээс дэмжиж, ажлаа зөвлөлдөж, нягт хамтран ажилладаг байсныг онцлон тэмдэглэмээр байна.

Хөгжингүй оронд алба хаших, оршин суухын давуу тал гэж бас байдаг. Шведийн Засгийн газраас тухайн улсад иргэд нь олноор оршин суугаа улс орнуудын иргэний нийгмийн буюу төрийн бус байгууллагуудад үйл ажиллагаа явуулахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлдэг ажээ. Тодорхой тооны гишүүдийн бүртгэлтэй, удирдлага, зохион байгуулалт нь ил тод, хаяг байршилтай, хийх ажлын тодорхой төлөвлөгөөтэй, санхүүгийн бүртгэл сайтай гадаад иргэдийн төрийн бус байгууллагуудад уугуул иргэдийнхээ дунд соёл, хүмүүжлийн ажил зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг Засгийн газраас нь хэрэгжүүлдэг гэсэн үг. Төрийн бус байгууллагуудаа ЭСЯ-ны зүгээс дэмжиж, Шведээс санхүүгийн тусламж авахад туслах нь бас ядуу дорой гэх ганц манай орны ч төдийгүй, том, жижиг гэлтгүй иргэддээ анхаарч байдаг ЭСЯ-дын үйл ажиллагааны чиглэл юм билээ. 

Тиймээс Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо /ШМҮХ/-г зохих журмын дагуу бүртгүүлж, санхүүжилт авах хүсэлт гаргуулж, 2011 оноос эхлээд жилд 80 мянган Швед кроны тэтгэлэг авдаг болсон. Энэ хэрээр иргэдийнхээ дунд зохион байгуулдаг соёл, хүмүүжлийн ажлуудыг зохион байгуулахад ЭСЯ-наас гаргадаг зардал мөнгө ч хэмнэгдэж ирсэн. Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо /ШМҮХ/ маань спортын уралдаан тэмцээн, урлаг, соёлын тоглолт, Шинэ жил, Наадамаа зохион байгуулахдаа бусдаас гар харах нь тэр хэмжээгээр багасч билээ. Дүрэм, журмыг нь сайн баримталж, тайлан мэдээг нь цаг тухайд нь гаргаж, Холбооны гишүүдийнхээ тоог нэмэгдүүлж чадснаар 2018 он гэхэд ШМҮХ жилдээ 270 мянган Швед кроны тэтгэлэг авдаг болсон байлаа. Гэтэл 2019 онд нэг ч кроны тэтгэлэг авч чадсангүй гэсэн маш харамсмаар мэдээг саяхан сонслоо. 

Энэ чинь юу болох нь тэр вэ?! гэтэл Тамын тогооны үлгэр үйлчилчихэж гэнээ. Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо, түүний удирдлагыг хардаж сэрдэх, улмаар Шведээс олгож буй тэтгэлэгээс хүртэх санаархалдаа автсан, ажил бүтээл хийхээсээ илүүтэй ашиг хонжоо хайсан зарим мунхаг нөхөд Шведийн холбогдох байгууллагуудад “алтан хошуу” хүргэжээ. Тэгэхдээ санхүүгийн хатуу чанд дүрэм, журамтайгаараа алдартай Шведийг төсөл, хөтөлбөрүүдээс дур зоргоороо зувчуулж, “идэж ууж” болдог Монголоо хэмээн андуурсан бололтой. Шведүүд шалгаад мөнгө, санхүүгийн ямар нэгэн зөрчил, дутагдал илрүүлээгүй ч удирдлага, зохион байгууллалтын дотоод зөрчилтэй учраас Засгийн газрын тэтгэлэг олгохыг зогсоосон байна. 

Монголчуудын Тамын тогооны үлгэр үүгээр төгсдөгөөрөө төгсч, матаас бичигчид төдийгүй, Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо ч ийнхүү хоосон хоцорчээ. Хажууд нь эвтэй, найрамдалтай, ухаантай байж чаддагаараа Иракчууд, Сиричүүд, Вьетнамчууд, Оросуудын Холбоод болон төрийн бус байгууллагууд 1-ээс 2 сая хүртэл Швед кроны тэтгэлэг авсан хэвээрээ гэнэ шүү!

***

Ажил хийж буй нэгэнээ ад үзэхийн зэрэгцээ, сул дэлхэн байж байгаад тэдний хийж бүтээснээс нь хүртэх, болж өгвөл булаагаад авчих санаатай явуургүй муухай Тамын тогооны үзэл санааны хаялга ийнхүү хилийн чанад хүрч, гадныхны бах тавыг хангаж, монголчуудыг бусдын элэг доог болгох болжээ.

Сүүлийн дөрвөн жил гаран ЭСЯ нь тогтвор суурьшилтай, суурин ажилласан Элчин сайдгүй байсаар байгаа нь ч төрөө дээдлэдэг монголчууд маань эзэнгүй мэт мунгинаж, төөрөлдөхөд хүргэсэн байхыг үгүйсгэхгүй ээ.

ШМҮХ-ны удирдлага болон сөргөлдөж буй этгээдүүдийг эцэг нь ирсэн мэт ЭСЯ дээрээ дуудаж, нүүр тулан уулзан ярилцаж, учрыг нь ойлгуулж, хил хязгаар дамнасан Тамын тогооны хар мөрийг эртхэн арилгаж аваасай хэмээн Монгол Улсаас Шведийн Вант Улсад суух Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдохоор Агреманаа хүлээн суугаа нэгэн үеийн хамтран зүтгэгч, шулуун шударга, туршлагатай, мэргэжлийн дипломатч Т.Жанабазартаа хүсэх л үлдлээ.

 

2020 оны 1 дүгээр сарын 3


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. наад Тамын тогооны чинь анх хаанаас эхлэлтэйг арай мэдэхгүй гэх гэж байгаа юм биш биз дээ, Анх наад Тамын тогооны Асуудлыг чинь Нийгэм солигдосноос хойш АН, МАН гэсэн Нам нэрээр халхавчилсан Гэмт хэргийн Зохион байгуулалттай 2 Бүлэглэл ээлжлэн Төр барьж ирсэн цагаас л энэ ярьж бичээд байгаа Тамын тогоогий чинь эхлүүлсэн шүү дээ, Тэд идэж ууж Хулгайлж Луйвардах болохоороо Хөшигний ард нэг Хөнжилд орж Хуйвалдаж байгаад Хулгай Луйвараа хийж, Хөшигний наана гарч ирэхээрээ Ард иргэдэд Худлаа биенээ Харааж муулж явсаар Тамын тогоо гэдгийг Цэцэглүүлсэн шүү дээ, Өөрий чинь бичиж Өмгөөлж байгаагаар Баялаг бүтээгчид, Бизнес эрхлэгчид чинь Ариун мөртөй, Шударга хөдөлмөрөөрөө Баялаг бүтээгчид, Бизнес эрхлэгчид гэхэд өнөөгийн МУ-ын Иргэдийн ихэнхи хүлээн зөвшөөрөхгүйг Өөрөө мэдмээрсэн, Хамгийн сүүлийн жишээ гэхэд Төрийн өндөр Албан тушаалтан гэгдэх УИХ-ын Гишүүд гэх нэртэй Луйварчид Бүлэглэн Хуйвалдаж ЖДҮ , Тариалангийн сангийн гээд Сангуудын мөнгөнөөс хамгийн Бага хүүтэй авч Иргэдэд өндөр хүүьэй Зээл олгож байсныг Баялаг бүтээгч, Бизнес эрхлэгчид гэх үү, эсвэл ЗГ-ын Бонд, Концесс , элдэв Төслөөс мөнгө унагааж Луйвар Хулгай хийж Баяжиж Оффшорт байрлуулж, үгүй Байгалийн баялгаа Гадныханд ашигтай Улс орондоо Хохиролтой Гэрээ үзэглэж Өөрсөд өө Авилгал авч Баяжиж Улс орноосоо Оргон зугтсан Этгээдүүдыг, одоо Шүүхээр орж Хэргээ шүүлгэх гэж байгаа тэр Этгээдүүдыг, хэлж Баялаг бүтээгчид гээд байна уу, Шударгаар Бизнес эрхэлж Баялаг бүтээх тийм орчин өнөөдөр Хууль зүйн орчин нь Монголд бий юу, байхгүй шүү дээ, Өнөөдөр хэдэн их Наядаар нь Хулгайлж Луйвардаж байхад нь юу ч дуугараагүй байж, Ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгч нэг удаа Иргэдийнхээ төлөө Тустай зүйл хийхэд нь элдэв яриа Асуудал гаргаж Эсэргүүцэж байгаа нь өнөөх Улс орон, Ард иргэдийнхээ Эсрэг бодлого явуулж ирсэн МАНАН буюу Хонгилийнхоний явууллага гэж Иргэд үзэж байгаа шүү дээ, Тэд Иргэд ээ Ядуу, Боловсролгүй тийм л байлгах бодлого явуулж ирсэн нь Үнэн шүү дээ, Гадны Улсын Тэтгэмж эавч Наадам тэмдэглэсэн тухай бичиж, Цөөхөн Хүн амтай асар их Уудам газар нутагтай, Дэлхийд ховорхон шахуу Байгалийн баялагтай Улс орны Иргэд өнөөдөр Гадны Улс орноос Тусламж, Тэтгэлэг авч байгаа нь цөөхөн хэдэн Хулгайч, Луйварчид Байгалийн Баялгийг Луйварын аргаар Эзэмшиж Иргэд нн ийм байдалд оруулсны л Гай, Гавьяа нь шүү дээ, Энэ бүгд чинь Жирийн иргэдийн Зэвүүцэл дүргүйцлыг хөдөлгөж , тэдний таатай Амьдрах боломжийг Хулгайлж Зөрчсөн, Жирийн Иргэд, Хууль завхаруулагчидын хоорондын Үзэл бодол, тэгш бус Эрхийн төлөөх Үзэл бодлын тэмцэлийг Тамын тогоо гээд байгаа шүү дээ,

    0 0 Хариу бичих
  2. Заавал бусдаас мөнгө гуйж баяр наадмаа тэмдэглэж мунхаглаад яах юм бэ, өөрсдөө эвлэлдэн нийлээд нийтийн парк цэцэрлэгт хүрээлэнд цуглаад баяр наадам, элдэв ёслолоо хийж болно оо, өөрсдөө идэх уухаа авчраад, ёслолын дараа хогоо ном журмын дагуу цэвэрлээд ирэх цэнгүүнээ товлоод ингээд л боллоо шүү дээ,

    0 0 Хариу бичих