Хуулийн салбарт ноён оргил гэж байдаг бол тэр нь Үндсэн хуулийн Цэц. Хууль тогтоох онцгой бүрэн эрхтэй УИХ хүртэл Цэцийн өмнө хариуцагчаар дуудагддаг гэхээр энэ байгууллагын эрх мэдэл, цар хүрээ нь ойлгогдож буй биз ээ. Гэвч зөвхөн үнэний талд, Үндсэн хуулийн хашаанд байх ёстой Цэц өнөөдөр хэний талд хөгжим тоглож суугааг таахад бэрх байна. Шулуухан ингэж дүгнэхийн учир нь үнэнийг гуйсан иргэний биш, худлыг захиалсан улстөрчдийн талд Цэц зогсдог болсон гэх шүүмжлэл газар авсаар уджээ...

Уг нь Цэцийг “Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж хуульчилсан байдаг юм. Цагаан дээр хараар бичсэн энэ өгүүлбэр бол Үндсэн хуулийн заалт болохоос ердийн нэг тунхаг төдий зүйл биш ээ. Гэвч амьдрал дээр алдаг оног хэрэгждэг, хэрэгжихээсээ хэрэгжихгүй нь олонтаа болсон заалт гэх шүүмжлэл ч хэдийнэ олон нийтийн дунд тархсан байна. Үнэн эсэхийг нь хэлж мэдэхгүй ч, хамгийн сүүлд “АМНАТ”-ын тухай хуулийг хүчингүй болгосон Цэцийн шийдвэрийг ард түмний талд бус, эрх мэдэлтний талд шийдвэрлэсэн гэдгийг Сангийн сайд зарласан юмдаг. УИХ ч Цэцийн шийдвэрийн яг эсрэгээр хуулиа бараг хуучин хэвээр нь дахин батлаад явсан бодохоор Цэц хуулийг гуйвуулсан ч юм шиг.

Энэ бол Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн шийдвэрийг УИХ буцааж хуульчилсан нэг л жишээ. Тэгвэл УИХ- ын баталсан хуулийг Үндсэн хуулийн Цэц хоёр янзаар шийдвэрлэсэн дараагийн жишээ рүү оръё.

Үндсэн хуулиа барьдаг уу? Үзэмжээ дагадаг уу?

2016 оны сонгуулийн босгон дээр Сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн болохыг Цэц тогтоож, холимог тогтолцоогоор сонгууль явуулах хуулийн заалтыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Уг нь яг тэр тогтолцоогоор нь 2012 онд сонгууль болж, тэр дагуу нь байгуулагдсан парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж дуусч байхад Цэц ийнхүү гэнэтийн шийдвэр гаргах нь тэр. Цэцийн энэхүү шийдвэрийг тухайн үеийн МАН, АН-ын дарга байсан хоёр “Энхболд”-ын захиалгатай гэж бусад намууд хардаж байв. Үнэндээ захиалгатай эсэхийг нь мэдэхгүй ч Цэц сонгуулийн тогтолцоотой уншиж байгаа эсэх, утга найруулгаар нь ойлгож байна уу, үг үсгээр хөөцөлдөж байна уу гэдгийг батлаад өгч байгаа юм.

Үндсэн хуулийн Цэцийн хамгийн том асуудал гэвэл гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулдаггүй. Шийдвэр нь ил тод биш, ойлгомжгүй байдаг нь хүмүүсийн Цэцэд өгөх үнэлэмжийг бууруулж байна. Ихэнх оронд Үндсэн хуулийн шүүх нь гаргасан шийдвэрээ тайлбарладаг, бас тухайн асуудлаар эсрэг саналтай байсан шүүгч нь ч өөрийн үндэслэлээ олон нийтэд танилцуулдаг. Манайд бол Цэцийн гишүүд арын өрөөнд хуралдаад, Үндсэн хууль зөрчсөн, эсвэл зөрчөөгүй гэсэн л шийдвэр гаргаад явж байна. Хэн ямар саналтай байсан, ямар үндэслэлээр ийм шийдвэр гарав гэдэг нь ойлгомжгүй явсаар ирлээ.

Хуулийн цоорхой юу? Хүний хүчин зүйл үү?

Тэгвэл Цэц хэзээнээс ийм болчихов? Улстөрчдийн захиалгаар шууд шийдвэр гаргадаггүй юм гэхэд улстөржсөн байдлаар асуудалд ханддаг болсон нь хэзээ юм бэ? Энэ асуултад зөвхөн монголчууд бус гаднын судлаачид ч хариулсан нь цөөнгүй.

АНУ-ын Чикагогийн их сургууль Хууль зүйн сургуулийн профессор Том Гинсбург тэдний нэг. Үндсэн хууль, улс төрийн тогтолцоо, институц хоорондын харилцааны талаар мэргэшсэн, тэр тусмаа Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн талаар судалгааны ажил хийж байсан тэрээр “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц ардчиллын эсрэг шийдвэр гаргасан” гэж дүгнэсэн удаатай. “Дан, давхар дээл”-ийн талаар зөрүүтэй шийдвэр гаргаж байсан тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлыг судалж гаргаж ирсэн энэхүү дүгнэлтээ судлаач өөрийн номондоо бичсэн нь бий. Тэнд өгүүлснээр “...Цэцийн шийдвэрийг зөвтгөх үнэндээ боломжгүй. 1991 оны зургадугаар сард Үндсэн хуулийн төслийн 32 дугаар зүйлд “УИХ-ын гишүүд нь Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллаж болохгүй” гэсэн агуулга бүхий заалт байжээ. Гэхдээ Үндсэн хууль батлагдахдаа энэ зүйлийг өөрчлөн 29 дүгээр зүйлд гишүүд “хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” хэмээн өөрчлөн баталжээ. Үндсэн хуулийг батлахдаа хоёр эрх мэдлийг бүрмөсөн зааглаж тусгаарлахыг хүлээж аваагүй байна. Монголын Үндсэн хуулийг баталсан хүмүүс ердийн хуулиар Засгийн газрын гишүүнээр ажиллаж болохыг хуульчилсны үндсэн дээр Парламентын гишүүд Засгийн газрын гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн нь тодорхой байна. Цэцийн шийдвэр ардчиллын эсрэг шийдвэр байсан. Ямар ч сонгуулиар сонгогдоогүй Ерөнхий сайд хамгийн хүчтэй эрх мэдэлтэн болсон бол бүх нийтийн сонгуулиар шууд сонгогдож гарч ирсэн Ерөнхийлөгч зөвхөн хориг тавих эрхтэй, Засгийн газарт нөлөөлөх ямарч нөлөөгүй нэгэн байсан...”.

Гаднын судлаачийн энэхүү дүгнэлтээс харахад Цэц улстөржсөн, улмаар Монгол Улсад ардчиллыг завхруулж байсан институц болж хувирчээ. Мэдээж үе үеийн Цэцийн гишүүд бүгдээрээ ийм нөхцөл байдал руу түлхсэн гэвэл үнэнээс хол зөрнө. Гагцхүү Үндсэн хуулийн манаачийн үүргээ гүйцэтгэж чадахгүй, мануухай шиг байгаа учраас л ингэж дүгнэсэн хэрэг. Гурван сая иргэний Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг хамгаалах учиртай Үндсэн хуулийн Цэцийг гурван шинжээр улс төрийн байгууллага шиг болсон гэдгийг хуульч О.Мөнхсайхан баталсан. Энэ гурван шинжийг задалж үзвэл бодууштай зүйл харагдана.

Хувь хүний өнцгөөс бус хуулийн өнцгөөс харахад л Үндсэн хуулийн Цэц улстөрждөг байгууллага болох нь дээрхээс илэрхий байна. Харин хувь хүмүүс бол Цэцтэй холбоотой бүр ноцтой дүгнэлтүүд хийсэн байдгийн зах зухаас сануулъя.

Би байнга хэлдэг, тэрэндээ ч адлуулдаг. Үндсэн хуулийн Цэц улстөрчдийн “морг” боллоо гэж. Хөгжил дэвшил хаана вэ гэдгийг харахаасаа илүү хойш нь татдаг муйхар хар хүч тэнд хуримтлагдчихлаа шүү дээ. Дээр нь нэмээд гэмт хэрэгтнүүдийг хамгаалдаг үүр уурхай болсон. Тиймээс Үндсэн хуулийн Цэцийг бусад орны Үндсэн хуулийн шүүхүүдтэй адил ил тод, хариуцлагатай болгох ёстой.

Цэц гэдэг энэ байгууллага бол төрт ёсны, хууль зүйн, эрх зүйн хэм хэмжээний дээд оргил. Ёс зүйн гоё өндөрлөг байх ёстой гэж би ойлгож ирсэн. Энэ утгаараа Үндсэн хуулийн Цэцийн дээр зөвхөн хөх тэнгэр байдаг гэж ярьдаг. Гэтэл харамсалтай нь өнөөдрийн Цэц бол хууль хяналтын байгууллагатай адилхан улстөрчдийн гарт орж, улстөржих нь хэрээс хэтэрч байна. Хэнтий аймгийн нэг мандат гишүүнгүй байж байна. Цагаан дээр хараар бичсэн хуулиа дагах юм уу, үгүй юм уу гэдэг дээр Монгол Улс ирээд байна. Өнөөдрийн байдлаар Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр биш хувь улстөрч байна. М.Энхболд, Д.Одбаяр гэсэн хоёр хүний хуримын бэлзэг нь Үндсэн хуулийн Цэц байж болохгүй. Ашиг сонирхлын зөрчилтэй байж болно, гэхдээ Үндсэн хуулийн Цэц байгууллагын арын өрөөний архи уудаг хундага байж болохгүй ээ.

Үндсэн хуулийн Цэц улс төрөөс бүрэн хамааралтайн дээр гишүүд нь улс төрийн төгсгөлийн карьераа хийдэг газар болсон.

Хуулийн ноён оргил уу? Улстөрчдийн морг уу?

Дахиад сануулахад Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих үүрэгтэй институц. Хамгийн дээд хяналтыг тавьж, үнэн мөнийг тогтоодог, Үндсэн хуулийн суурь зарчмаас хазайсан ямар ч шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй байгууллага. Цэц эхэндээ ийм л зорилгоор байгуулагдсан. Одоо ч энэ зорилго нь өөрчлөгдөөгүй гэж найдъя. Харин Цэцийн бүрэлдэхүүн энэ зорилгыг хангуулж ажилладагийн хувьд хуулийн хийгээд ёс зүйн хамгийн өндөр түвшинд бэлтгэгдсэн хүмүүсээс бүрдсэн байх учиртай. Гэвч өнөөг хүртэл Цэцийн гишүүнээр томилогдож очсон хүмүүс ийм байж чадсан уу.

Өнөөдрийн байдлаар Цэцэд нийт 36 хүн томилогдсон. Эдгээрийн зарим нь хууль зүйн дээд боловсролгүй, харин улстөрч байсан хүмүүс. Дийлэнх олонхи нь хууль зүйн дээд боловсролтой ч улс төрийн карьер хөөж, мэргэжлийн ажлаа огт хийж байгаагүй, хөндийрсөн хүмүүс. Улс төрийн нөлөөгүй хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс нь Цэцэд олонхи болж орж чаддаггүйгээс Цэцийн шийдвэрийн үндэслэл, чанар муу гарах, Үндсэн хуулийг ташаа тайлбарлах явдал гардаг.

Үндсэн хуулийн Цэцийн өнөөдрийн бүрэлдэхүүнээс харахад ч тиймэрхүү. Хэдий хуульч мэргэжилтэй боловч энэ чиглэлээрээ дагнан ажиллаж байсан хүн олонхи болж чадахгүй л байгаа. Нөгөө талаас мэргэжилдээ сайн байхын сацуу ёс зүйн хувьд Цэцийн гишүүд өндөр ёс суртахуунтай байх учиртай. Гэвч байдал ямар байгаа билээ. Хамгийн сүүлд Цэцийн даргаар ажиллаж байсан Д.Одбаяр өмнө нь УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан хүн. Хил дамнасан дуулианыг нь эс тооцвол хууль зүйн салбартаа бол танигдсан хүн. Сайн ч хуульч байх. Гэвч эзэмшсэн мэргэжлээс илүүтэй дадсан ёс суртахуун гэж юм бий. Энэ хэм хэмжээ Монгол Улсад хуулийн дээд хяналтыг тавьдаг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд хуулийн хил хязгаараас өндөрт тавигдах нь зүй ёсны хэрэг байх. Гэвч ийм бишийг нь Д.Одбаяр Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлөгдөх бус, даргын суудлаасаа бууснаар нь бид харлаа. Тиймдээ ч Цэцийн гишүүний ёс зүйн асуудлыг дүрмээр зохицуулах яриа гарч байна шүү дээ.

Монгол Улсад 30 орчим байгууллага ёс зүйн дүрэмтэй. Үндсэн хуулийн Цэцэд ёс зүйн дүрэм гэж байхгүй. Өндөр ёс зүйтэй хүмүүс Цэцийн гишүүн болдог учраас бусад улсад Цэцийн гишүүдийн ёс зүйн дүрэм гэж байдаггүй. Манайх үүнийг нь дуурайгаад ёс зүйн дүрэмгүй яваад байгаа юм. Уг нь ёс зүйн дүрэмтэй байх нь илүүдэхгүй юм шиг байна.

Цэцийн гишүүний ёс зүйгээс гадна Цэцийн гишүүдийн томилгоо ч сонирхол татна. Өөрийг нь нэр дэвшүүлсэн, томилсон хүмүүсийн шийдвэрт Үндсэн хуулийн Цэц хяналт тавьдаг институц. Тиймдээ ч Цэцэд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого өмнө нь ч байсан, одоо ч байгаа байх. Энэ талаар Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Ж.Амарсанаа нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн нь бий. Хугацаанаасаа өмнө Цэцийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн тэрээр “Үгэнд ороогүй гэдэг шалтгаанаар намайг чөлөөлсөн” гэсэн байдаг.

Үгэнд ор, үгүй бол ажлаа өг гэдэг энэ зарчим улс төрийн албан тушаал дээр үйлчилж болох ч хуулийн ноён оргил болсон Үндсэн хуулийн Цэцийн гишүүдэд болж халдааж боломгүй зүйл билээ.

Өөрчлөгдөж өөдлөхүү? Өнөөдрөөрөө уруудахуу?

Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцийн шинэ дарга Н.Чинбатын ажлын арга барилаас одоо бүх юм хамаарна? Үнэндээ улстөрчдийн, өөрсдийг нь томилсон албан тушаалтнуудын хувьд “чих зөөлөн”-тэй байх гэсэн ганцхан шалгуур үйлчилж мэдэх ч тэр бол Үндсэн хуулийг сахин хамгаалах дээд байгууллагын тэргүүн нь. Учир нь Цэцийн даргын эрх мэдэл асар их. Цэцээс үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах, гишүүдийн төлөөлөлтийн байдлыг тэнцүүлэн Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилох, гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, зохион байгуулалтын асуудлаар Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцана. Цэцийн дарга эрх хэмжээнийхээ асуудлаар тогтоол, тушаал гаргана гээд эрхийг нь хуулиар олгочихсон. Ингэхээр Цэцээс гарч байгаа шийдвэрт Цэцийн дарга асар нөлөөтэй гэсэн үг.

Дашрамд дурдахад, Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнтэй Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа дуусчихаад байгаа билээ.

АСУУЛТ?

Үндсэн хуулиа барьдаг уу?

Үзэмжээ дагадаг уу?

Хуулийн цоорхой юу?

Хүний хүчин зүйл үү?

Хуулийн ноён оргил уу?

Улстөрчдийн морг уу?

Өөрчлөгдөж өөдлөх үү? Өнөөдрөөрөө уруудах уу?

Ардчилсан Монгол Улсын үнэт зүйлсийн нэг болсон институцийн өмнө олон асуулт байна. Асуултуудыг товчилвол хоёрхон үгэнд хураагдана:

Манаач уу, мануухай юу?

Мануухай гэдэг үгийг монгол хэлний их тайлбар тольд “Араатан, жигүүртнээс хот хороо, тариагаа хамгаалан босгосон хүн дүрст зүйл” хэмээн тайлбарлажээ. Харин шилжсэн утгыг нь “Өөрийн гэсэн санаа бодолгүй, мэдлэг чадвар муутай, арчаагүй хүн” хэмээн заасан нь бий.