УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол, Вьетнам хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг зөвшилцлөө. Хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа нь бүс нутгийн хэмжээнд харилцан ойлголцлыг бэхжүүлэх, зэвсэгт хүчнүүдийн чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулав. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-30-нд БНСВУ-д албан ёсоор айлчилж, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг үзэглэсэн байна. Найман зүйлтэй уг төслийг баталснаар хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны сургалт, дадлага, цэргийн эмнэлэг, цэргийн сургалт, эрдэм шинжилгээ, батлан хамгаалах аж үйлдвэрийг өргөжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг салбарын сайд дурдлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт өгөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ.