Өсөлтөө өсгөсөөр буй барилгын салбар

Барилгын салбарын өсөлт жил бүр нэмэгдэж байгаа. ДНБ-д оруулсан хувь хэмжээ 2016 онд 949 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 1.4 их наяд болж, 10.1 хувиар өссөн. Түүнчлэн улсын төсөвт төвлөрүүлсэн татварын орлогын хэмжээгээр 2017 онд 118 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 134.1 тэрбум төгрөг болж, 12 хувиар нэмэгджээ. Мөн барилга угсралт, их засварын ажилд 2016 онд гурван их наяд 356.3 тэрбум төгрөг эргэлддэг байсан бол 2018 онд 4.9 их наяд төгрөг болж 19.4 хувиар дээшилсэн үзүүлэлттэй байгаа юм. Цаашид ч энэ өсөлтөө үргэлжлүүлэн 2020 онд хоёр дахин, 2025 онд 2.6, 2028 онд 3.9 дахин өсгөх зорилтыг Барилга, хот байгуулалтын яам дэвшүүлээд буй. 2017 оны суурь үзүүлэлтүүдэд тулгуурлан хөгжлийн өсөлтийн прогнозоос харвал 2021 онд 4.3 тэрбум, 2025 онд 8.3 тэрбум, 2029 онд 12.3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэхээр байгаа аж.

Харин энэ онд нөхцөл байдал ямар байсныг Үндэсний статистикийн хорооны мэдээлснээс үзвэл, барилгын компаниуд оны эхний есөн сард 1.54 их наяд төгрөгийн барилга угсралтын ажил хийж гүйцэтгэжээ.

Одоогоор барилгын салбарт нийт 95 мянга гаруй ажлын байртай болсны дийлэнх буюу 78.6 мянга нь барилга угсралт, 14 мянга нь барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж, жил бүр 13 мянга орчим суралцагч, мэргэжилтэй ажилтанаар хүч сэлбэж байгаа гэсэн тооцоо гаргажээ.

Тэгвэл ирэх онд барилгын салбарт ямар бүтээн байгуулалт өрнөхийг сонирхуулъя. Нийслэл, орон нутагт баригдах сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууламжийг оруулалгүйгээр барилгын салбарт тэр дундаа Барилга, хот байгуулалтын яамнаас удирдан чиглүүлж буй ажлыг энд дурдъя.

Шинэ төв цэвэрлэх байгууламжийн төсөл үргэлжилнэ

Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил ирэх дөрөвдүгээр сард эхэлнэ. Өнөөдрийн байдлаар биологи цэвэрлэгээний байгууламжийн хөрсний суурин ажлыг хийж дуусгажээ. Одоогоор өвлийн горимд шилжээд байгаа. Гэхдээ энэ хугацаанд зураг төсөл, барилгын ажлын төлөвлөлтийг хийж байна. 600 мянга хүн амын ахуйн бохир усыг цэвэрлэх төв цэвэрлэх байгууламж байгуулагдаад 55 жил болж байна. Хүн ам, үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больж, шинэ төв цэвэрлэх байгууламж барих ажил 2012 оноос яригдаж эхэлсэн. Долоон жил яригдсан шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажил энэ жил бодит ажил болох эхлэл нь тавигдаж, биологи цэвэрлэгээний суурин ажлыг хийж, тухайн ажлын С хэсгийн ул суурийн нэгдүгээр үеийн ажлыг гүйцэтгээд байна.

Шинэ цэвэрлэх байгууламж нь технологийн хувьд дэлхийнд өргөн хэрэглэгддэг а2о-ыг биологийн цэвэрлэгээнд хэрэглэнэ.

А2о гэдэг нь бохир усан дахь элементийг цэвэрлэдэг юм байна. Цэвэрлэх усанд гүн цэвэрлэгээ хийгдэнэ. Үүний дараа хэт ягаан туяагaар халдваргүйжүүлэлт явагдах юм байна. Энэ процесс нь бохир усыг 98-99 хувь цэвэрлэнэ гэж ТЭЗҮ-ээр тооцоолжээ.

Шинээр баригдаж байгаа Төв цэвэрлэх байгууламж нь 250 мянган метр куб лагийг цэвэрлэх хүчин чадалтай.

Нийт 40 га талбайд явагдах төв цэвэрлэхийн байгууламжийг 300 сая ам.долларын өртөгөөр барина. Ингэхдээ хоёр улсын хэлэлцээрийн хүрээнд 262.2 сая ам.долларыг БНХАУ-ын нэн хөнгөлөлттэй зээлээр авч байгаа. 20 жилийн хугацаатай энэхүү зээл нь хоёр хувийн хүүтэй бөгөөд эхний 7 жил хүүгүй юм. Эксим банкаар дамжин хөрөнгийн асуудал шийдэгдэнэ. Энэ сард зээлийн хэлэлцээр байгуулагдвал шинэ төв цэвэрлэх байгууламж барих төсөв орж ирэх юм байна. Ингээд ирэх хавар барилга угсралтын ажил эхэлж, 2023 онд барилгын ажил дуусна. Ингэснээр Барилгын тухай хуулиар нэг жил туршаад 2024 онд Улаанбаатар хот шинэ цэвэрлэх байгууламжтай болох юм. Үүнээс гадна Баян-Өлгий аймгийн Өлгий, Говьсүмбэр аймгийн Чойр, Дорнод аймгийн Чойбалсан, Увс аймгийн Улаангом, Завхан аймгийн Улиастай сумдад цэвэрлэх байгууламж шинээр барих, өргөтгөл хийх ажлыг Бүгд найрамдах Польш улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ.

150 мянган айлыг орон сууцжуулна

Барилга, хот байгуулалтын яам зах зээл дэх орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгааг хийжээ. Ингэхэд орон сууцанд орох хүсэлтэй 290 гаруй мянган өрх байгаа аж.

Салбарын яам өөрийн зорилтын хүрээнд эхний ээлжинд нийт өрхийн 66.6 хувийг орон сууцжуулах зорилтын хүрээнд “150 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөр батлуулжээ. Хөтөлбөр 2023 он хүртэл таван жилийн хугацаатай хэрэгжих юм байна.

Энэ хугацаанд Монгол Улсын хүн ам 3.5 саяд хүрнэ гэж тооцоход өрхийн 66.6 хувь нь гэхээр 150 мянган айлыг орон сууцанд оруулна гэсэн тооцоо гарчээ. Энэхүү 150 мянган айлын 45 мянга нь гэр хорооллын дахин төлөвлөлт, 57 мянга нь хувийн компаниудаас, 3 мянга нь ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барьж, 16 мянга 500-г нь дагуул хот байгуулж бий болгож, 18.4 мянган айлыг түрээсийн орон сууцанд оруулахаар тооцжээ. Монгол Улсад өндөр зэрэглэлийн орон сууцны зах зээл бүрэн хангагдсан тул эдгээр орон сууцууд нь бүгд иргэдийн орлогод нийцсэн үнээр борлуулагдах юм.

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжиж, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “1008 айлын түр суурьшуулах орон сууц” төслөөр түрээсийн болон түр суурьшуулах орон сууцны хорооллын барилгын ажлыг мөн эхлүүлэх юм.

“Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Солонгос улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд нийт 7026 айлын “Солонго 1, 2”, “Баянголын ам” орон сууцны хорооллуудын барилгын ажлыг эхлүүлнэ. Түүнчлэн, Азийн хөгжлийн банкны зээлийн эх үүсвэрээр Улаанбаатар хотын Сэлбэ, Баянхошуу, Дамбадаржаа, “Дэнжийн 1000” дэд төвүүдийн төлбөрийн чадварт нийцсэн, байгаль орчинд ээлтэй, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор 10,000 айлын ногоон орон сууцыг барих төслийг шинээр хэрэгжүүлж эхлэх юм байна.

Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгоно

Монгол Улс 2013 оноос хойш иргэдэд найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгож эхэлсэн байдаг. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 95 мянган иргэн зээл авч, нийт дөрвөн их наяд төгрөгийг зарцуулсан юм. Ингэхдээ зээлийн эргэн төлөлт, улсын төсөв, банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн. ОУВС-гийн зөвлөснөөр ипотекийн зээлийг Төв банкнаас салгаж, Засгийн газарт шилжүүлэх юм. Барилга, хот байгуулалтын яамны мэдээлснээр энэ оны эхний 11 сард 380 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дээрх эх үүсвэрээс олгожээ. Зээлд 5500 иргэн хамрагдсан байна. 2019 ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмсэн юм. Өөрөөр хэлбэл, улсын төсвөөс 115 тэрбум төгрөг гаргасан бол зээлийн эргэн төлөлтөөр Төв банк мөн 115 тэрбум төгрөг, арилжааны банкууд үүнтэй дүйх буюу 300 тэрбум төгрөгөө санхүүжүүлэхээр болсон. 2020 оны улсын төсөвт ипотекийн зээлд 60 тэрбум төгрөг тусгаж, санхүүжилтийг 90 орчим тэрбумаар буулгасан. Хэдий төсөв багассан ч зээлийг хүртээмжтэй байх бодлого барина гэдгээ салбарын яам мэдээллээд буй.

Нийгмээрээ хямралын мэдээнд хямарч, хий улстөржих зуур барилгын салбар хийх ёстой ажлаа чимээгүйхэн амжуулсаар, нийгмийн бүтээмжийн голыг нугалсаар байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)