Хүн төрөлхтөн 1940 онд антибиотик гээд гайхамшигтай эмийг нээж, зах зээлд нийлүүлснээр сая сая хүний амийг аварсан түүхтэй. Гэтэл сүүлийн үед байгаль дээр байсан нянгийн омгууд асар их өөрчлөгджээ. Антибиотикийн нөлөөнд тэсвэржилтэй омгууд нь үлдсээр байгаад эмийн эмчилгээнд дархлаатай болсон байна. Ганц Монголд биш, дэлхий нийтэд ийм асуудал бий болсон.

Эм гэдэг нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн. Эмийг зөв сонгож, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүндээ хүрч чадна. Эмийг зохистой хэрэглэхийн тулд эмийн талаар мэдлэгтэй байх нь чухал. Ихэнх эм зөвхөн жороор олгогддог, нэг үгээр хэлбэл аюултай бүтээгдэхүүн юм. Эмийг зохисгүй хэрэглэснээр эмийн хордлого, харшил, дархлаа сулрах мөөгөнцөр, эмийн дасал, ургийн гажиг зэрэг бусад олон төрлийн өвчнөөс гадна ирээдүй хойч үеийг мөхөөх хүртэл сөрөг үр дагавартай.

Антибиотикийг эмчийн зааваргүйгээр хэрэглэх нь хамгийн түрүүнд эмчилгээг үр дүнгүй болгодог. Антибиотик гэдэг нь энгийн гаралтай халдварын үед хэрэглэдэг химийн бэлдмэл. Гэтэл үүнийг антибиотикийн мэдрэг чанар тодорхой­лох шинжилгээний хариуд үндэслэж хэрэглээгүйгээс, вирусын гаралтай халдварын үед хэрэглэх, тогтсон цагийн дагуу тодорхой тунгаар хэрэглээгүй зэрэг шалтгаануудын улмаас хүний бие махбодид сөрөг нөлөө үзүүлдэг байна. Ингэснээр аливаа өвчний эдгэрэлт удааширч, улмаар амь насанд аюултай. Антибиотикийн зохисгүй хэрэглээ гэдэг үхэлд хүргэх аюултай гэдгийг ойлгох хэрэгтэй.

Антибиотикийг ханиад томууны үед хэрэглэх, эцэг эхчүүд эмчийн жоргүйгээр хүүхдэдээ хэрэглүүлэх зэргээр эмийг зохисгүй хэрэглэх нь түгээмэл. Тэгвэл нь энэ нь антибиотикийн тэсвэржилт буюу дасал үүсгэж тухайн өвчний шинж тэмдгийг бүдгэрүүлдэг байна. Улмаар өвчнийг оношилж, эмчлэхэд хүндрэлтэй болгодог гэдгийг мэргэжлийн эмч анхаарууллаа.

Ханиад, томуу нь вирусээр үүсгэгддэг. Харин антибиотикийг зөвхөн нянгийн гаралтай өвчний үед хэрэглэдэг. Тэгвэл зарим иргэдэд антибиотикийг ямар өвчний үед хэрэглэх талаар мэдээлэл болон нян, вирус хоёрыг ялгах мэдлэг ойлголт хангалтгүй байгаа юм.

Антибиотикийг эмчийн зааваргүй, дур мэдэн буруу хэрэглэх нь түүнд дасалтай болох гол шалтгаан болдог. Хэрвээ ямар нэг антибиотикт дасалтай болсон бол тэр антибиотик төдийгүй түүнтэй адил бүлгийн бусад антибиотик ч үйлчлэхгүй болох аюултай болдог байна. Мөн эмийн тунг хэтрүүлэн хэрэглэвэл хүний биед ашигтай нянгуудыг устгаж мөөгөнцөр, вирус зэрэг бичил биетэнг үржих боломжийг бүрдүүлдэг гэлээ.

Антибиотикийг эмчийн заасан тунгаар зөвлөсөн хугацааны турш гүйцэд хэрэглэнэ

УНТӨ-ийн клиник эм судлаач Д.Номин “Антибиотик зөвхөн нянгийн эсрэг халдварын үед нөлөөлнө. Тиймээс ханиад, томууны үед антибиотик хэрэглэхгүй гэсэн үг. Ер нь манай ард иргэд тэр тусмаа ээжүүдийн дунд антибиотик хэрэглэх буруу зуршил байдаг. Ханиадны үед, халуурахад эсвэл шалтгаангүй суулгалт байгаа бол шууд л антибиотик хэрэглэдэг. Ялангуяа цахим орчинд ам дамжин энэ эмийг хэрэглээд зүгээр боллоо гэх мэт буруу хэрэглээнүүд байдаг. Хүн бүрийн бие махбод өөр. Нянгууд маш олон төрөл учраас антибиотикуудыг ч өөр өөр үед хэрэглэнэ. Тиймээс иргэдэд антибиотикийг зөвхөн эмчийн жороор заасан тунгаар нь хэрэглэж хэвшээрэй гэж зөвлөмөөр байна” гэв.

Өвчилсөн л бол хамгийн түрүүнд эмчид хандах ёстой. Тухайн эмч энгийн гаралтай халдвар байна уу эсвэл ямар нэг үүсгэгчээр үүссэн өвчин байна уу гэдгийг тогтооно. Хэрэв энгийн гаралтай халдвараар үүссэн байвал заавал эм судлалын шинжилгээ хийлгэх шаардлагатай. Ингэснээр өвчин үүсгээд байгаа тухайн үүсгэгчид ямар антибиотик тохирох вэ гэдгийг нь тодорхойлно. Хүн хүний антибиотикийн мэдрэг чанар өөр өөр гэсэн үг. Тиймээс антибиотик хэрэглэх шаард­лагатай л бол мэдрэг чанарын шинжилгээ заавал өгөх ёстой. Шинжилгээ өгөл­гүйгээр дурын антибиотик хэрэглэснээр эмийн дасал үүсэхээс гадна дархлааны системийг устгах аюултай. Дархлаа суларснаас халд­вар авах эрсдэл өндөр болно. Түүнээс гадна антибиотик гэдэг хүний бие махбодид байгаа хэвийн бичил биетүүд буюу хоол боловсруулах болон хамгаалах тогтолцоонд оролцож байдаг биетүүдийг устгадаг.

Нян судлалын шинжил­гээг бүх дүүрэг болон төрөлжсөн нарийн мэргэж­лийн эмнэлгүүдэд хийж байгаа. Тухайн иргэн өөрийн харьяаллын дагуу дүүргийнхээ Эрүүл мэндийн төвд өгнө. Шаардлагатай тохиолдолд ХӨСҮТ-д хандаж болно.

Гэхдээ шинжилгээ өгөөд өөрт тохирох антибиотикоо мэдсэн бол цаашид түүнийгээ л хэрэглэнэ гэсэн үг биш. Учир нь халдварын маш олон төрлийн үүсгэгч байдаг. Тиймээс өвчилсөн тохиол­дол бүрт шинжилгээ өгч, тухайн халдвар үүсгэгчид ямар антибиотик хэрэглэвэл зохих вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай. Түүнээс биш хүнд тохирсон антибиотик гэж байхгүй. Тухайн өвчин үүсгэгчийн төрөл зүйлтэй холбоотойгоор антибиотикууд өөр өөр байна.

Мөн нялх хүүхдэд өгсөн антибиотик ходоодны бактерид нь нөлөөлж, өсөлтийн явцад нь харшлын гол эх үүсвэр болдог гэсэн эрдэмтдийн судалгаа JAVA анагаах ухааны сэтгүүлд гарсан байна. Судалгаанд 2001-аас 2013 оны хооронд АНУ-ын засгийн газрын хэрэгжүүлсэн эрүүл мэндийн хөтөлбөрт хамрагдсан 798,246 хүүхдийн мэдээллийг ашигласан байна. Ингэхдээ төрснөөсөө хойш эхний зургаан сарын хугацаанд антибиотик хэрэглэж байсан хүүхдүүд хожим ямар төрлийн харшилтай болсныг судалжээ. Тодруулбал хоол хүнстэй холбоотой харшилтай болох магадлал 8 хувь, астматай болох магадлал 47 хувиар нэмэгдэж байжээ.

Дэлхий дахин эмээс татгалзан өөр зүйлийг хайж байна. Дэлхий улс орнууд өвчнөөс урьдчилан сэргийлэхэд илүүтэй анхаарч, иргэд нь эрүүл хооллолт, эмгүй эмчилгээ, хөдөлгөөнийг эрхэмлэж, өглөө оройд гүйж, алхаж, дугуй унан эрүүл мэнддээ анхаарах болжээ.

Сүүлийн үеийн судалгаагаар 2030 он гэхэд одоогийн хэрэглэж байгаа антибиотикт бүх нян тэсвэртэй болох нь гэсэн дүгнэлт хийцгээж байна. Хүн төрөлхтөн ямар эмийг сонгож нянг эсэргүүцэх талаар одоо ярьж эхэлж байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хамраас нус гоожингуут антибиотик хэрэглэх биш дархлааг нь сайжруулж, вирусийн эсрэг эм хэрэглэх ёстой. Хүчтэй антибиотикийг аль болох битгий хэрэглээч. Хэрэв хэрэглэвэл эмчийн заасан цагт, тохирсон тунгаар эмчлээч. Ингэхгүй бол эргээд таны эдийн засаг, эрүүл мэндэд хортой. Антибиотикт өрхийн орлогынхоо 20 хувийг зарцуулж байгаа судалгааны дүн бий. Эмийг зохистой хэрэглэснээр эрүүл мэндээ хамгаалаад зогсохгүй эдийн засгийн асар их хэмнэлт гаргах болно гэдгийг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.