Өнгөрсөн түүхэндээ бид өш хонзонтой мэт хандах болжээ. Түүхэн үйл явдлын ойг тэмдэглэхдээ улс төржсөн, намчирхсан өнцгөөс харна. Нэгийг нь үгүйсгэж, нөгөөг нь дөвийлгөнө. Бүр хууль баталж байгаад зарим түүхэн ой, тэмдэглэлт өдрийг баллуурдаж, заримыг нь цоо шинээр зохионо. Түүн лүгээ адилаар мөн л хууль, журам гарган түүхэн алдар гавьяатнуудын нэрэмжит засаг захиргааны нэгж, гудамж талбай, танхим зэргийг өөрчилж, солих болжээ. Энэ тухай www.eagle.mn, “Үндэсний тойм” сэтгүүл “Өмчлөгдсөн түүхийн өш хонзон” нийтлэлээрээ өмнө нь хөндсөн.
Нэрэмжит болгох, ой тэмдэглэх зэрэг бол биет бус зүйлээр дамжуулан түүхийн ой санамжийг хадгалж, түгээж буй хэлбэр. Утга агуулгыг нь өөрчилж, бүр хориглож, үгүйсгэсэн ч эргээд сэргээж болдог. Цагаан сарыг тэмдэглэхийг хориглож, нэгдэлчдийн баяр болгон утга агуулгыг нь өөрчилж байсан ч төрт ёсны баяр гэдэг утгаараа эргэн сэргэсэн нь үүний жишээ.
Түүхэн дурсгалт барилга байгууламж, хөшөө дурсгал бол үүнээс өөр. Хадгалж хамгаалахгүй бол устаж үгүй болно. Эргэн сэргээгдэхгүй. Нурж сүйдсэн хойно нь хэчнээн адилханыг шинээр барьж, илүү сайхныг бүтээн босголоо гээд түүхэн үнэ цэнгүй. Тиймээс улс орнууд эртний түүхэн дурсгалт барилга байгууламж, сүм хийд, театр зэргээ аль болох анхны хэвээр нь хадгалж, хамгаалж, арчилж тордож байдаг. Түүхийн дурсгалыг сэргээн засварлах, барилга байгууламж нь хүчитгэж, бэхжүүлэх замаар эдэлгээг нь уртасгаж үнэ цэнтэй хэвээр нь хадгалж үлддэг олон арга бий аж. Харамсалтай нь Монголд сүүлийн хэдхэн жилийн дотор түүх, соёлын өв болсон барилга байгууламж, хөшөө дурсгал олноор сүйдэв.
Гурван жилийн өмнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт Хэрлэн голын эрэгт орших манай эриний X зуун буюу Киданы үед хамаарах Хэрлэн барс хотын туурин дээрх цамхагийг засч сэргээж буй нь энэ гээд гадуур нь тоосго бүтэн өрж, цоо шинэ цамхаг барьчихсан жишээ бий. Хуучин цамхагийг дууриалгаад “будаг нь үнэртсэн” шар тоосго өрчихөөр Хэрлэнгийн хөвөөнд, хээр талд мянган жил “зогссон” харуулын цамхаг гэж хэн сонирхож очих вэ дээ.
Түүнчлэн энэ жил тэмдэглэсэн Халхын голын дайны 80 жилийн ойн хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумын нутаг алдарт Хамар даваан дээрх Г.К.Жуковын командын байрыг сэргээн засварлаж байгаа нь энэ гээд дотор талыг нь битүү цементэлж орхисон байна. Социализмын үед хонь угаалгад ашигладаг байсан цементэн онгоцорхуу болгочихсон гэсэн үг. Хол ойрын зочид ирээд 80 жилийн тэртээ Зөвлөлтийн алдарт жанжин Г.К.Жуков Халхын голын тулалдааныг удирдахдаа цементэн ханатай нуувчинд сууж байсан гэж ойлгох нь. Уг нь энэхүү командын байрны төрх байдал гэрэл зурагт хангалттай үлдсэн. Түүнд тулгуурлан анх байсан хэвээр нь сэргээж, шургааг модон доторлогоотойгоор хийсэн бол илүү зохимжтой байлаа. Зарим хэсэг нь 80 жилийн өмнөх яг тэр хэвээрээ, өмхөрсөн модон доторлогоотой, бөмбөгдөлтөд өртөж нурсан ирмэг нь тэр янзаараа байх аваас үзэж байгаа хүнд үнэ цэнтэй санагдана. Харамсалтай нь тэр бүгдийг цементлэн түүхийн дурсгалаа “булшилсан” ажээ.
Нийслэлд ч түүх, соёлын дурсгалууд устаж үрэгдсээр л байна. Он цагийн уртад элж элэгдэн зайгаа тавьж байгаа гэхээс илүү засаг захиргааны байгууллага, эрх мэдэлтнүүдийн шийдвэрээр зайлуулагдсан нь олон. Зах зухаас нь дурдъя.
Оросын хувьсгалчдын музей ор мөргүй болов
2012 он онд Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг хуучнаар Лениний музейн ард талын хоёр давхар дүнзэн байшинг гэнэт нураасан. Оросын хувьсгалчдын музей гэж нэрлэгддэг байсан энэхүү дүнзэн байшин нь хуучнаар Нийслэл Хүрээнд Хятадын есөн гудамжны хоёр дахь гудамжинд баригджээ. Уг байшинд цагаач оросууд амьдардаг байсан тул Д.Сүхбаатар жанжин уулзалт, хэлэлцээр хийдэг байсан гэдэг. Энэ мэт үйл явдлаар ардын хувьсгалын түүхтэй холбогдох бөгөөд сүүлд номын фонд байгаад улсын хамгаалалтад шилжсэн, 104 жилийн настай байшинг “Бамбар инж” гэгч компани нурааж орхисон юм.
Цагаан хаалгыг нураав
Хан-Уул дүүрэгт байрлах цагаан хаалгыг 2013 онд нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр нураасан. Уг нь энэ хаалгыг Хан-Уул дүүрэг түүх, соёлын өвдөө бүртгэн аваад байсанг юм билээ. Баруун баганандаа ЗХУ, зүүн баганадаа БНМАУ-ын төрийн сүлд бүхий Цагаан хаалгыг түүхэн үйл явдалд зориулан монгол барилгачид барьжээ. Хаалганы тотгонд өлзий хээ урлаж, оройд нь хангарьд шувууг дүрсэлсэн байдаг байв. 1957 онд хоёр хос цагаан хаалга баригдсаны нэг нь Нисэхийн Цагаан хаалга, нөгөөх нь дээр дурдсан Хан-Уул буюу тухайн үеийн Ажилчны район дахь Комбинатын Цагаан хаалга юм. Энэхүү хаалгыг эхэн үедээ Энхтайваны хаалга хэмээн нэрлэдэг байсан аж. ЗХУ-ын маршал К.Е.Ворошилов манай улсад айлчлах үеэр босгосон уг хаалга тухайн үедээ Монгол, Зөвлөлтийн найрамдлын бэлгэдэл болж байсан юм.
Улаанбаатар хотод дахин ийм хаалга баригдаагүй бөгөөд Монгол Улсын хамгийн анхны нуман хүзүүтэй хаалга гэдгээрээ онцлог байв. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Хан-Уулын Цагаан хаалгыг түүх соёлын өвд хамаарах учир нурааж болохгүй гэсэн дүгнэлт гаргаж байсан ч хотын удирдлагууд хонзонтой мэт нурааж орхисон билээ.

Хэлмэгдэгсдийн музейг хөрснөөс арчив
Ерөнхий сайд П.Гэндэнгийн ажиллаж, амьдарч байсан хоёр давхар дүнзэн байшинг өнгөрсөн намар газрын хөрснөөс арчив. Бас л түүх, соёлын дурсгал мөн үү гэвэл мөн. Энэхүү байшинг Герман инженер Герингийн гаргасан зураг төслийн дагуу тоосгон заводын герман, швейцарь, унгар ажилчид 1930 онд барьж ашиглалтад оруулсан бөгөөд БНМАУ-ын Ерөнхий сайд П.Гэндэн 1931-1936 оны хооронд амьдарч байв. Хэлмэгдэгсдийн музей болгон ашиглаж байсан уг барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэдэг шалтгаанаар нурааж, олон давхар барилга барихаар болсон.
Уг нь 1996 оны есдүгээр сарын 10-нд түүний Ерөнхий П.Гэндэнгийн охин Цэрэндуламын санаачилгаар уг байшинг музей болгосон бөгөөд улс төрийн их хэлмэгдүүлэлтэд өртсөн 30 мянга гаруй хүнтэй холбоотой мэдээ, мэдээлэл, түүх, архив, эд материалыг хадгалж, хамгаалсаар ирсэн байдаг. Уг музейн барилгыг 2007 онд хувь хүний эзэмшилд шилжүүлжээ. 2008 онд Засгийн газрын тогтоолоор нийслэлийн хамгаалалтад авсан аж.

Байгалийн түүхийн музейг нураав
Байгалийн түүхийн музейг нураасан нь энэ оны онцлох үйл явдлын нэг байв. Уг музейн барилгыг 1952-1954 онд Монголын анхны архитектор Б.Чимэд зураг төслийг нь гаргаж барьжээ. Улаанбаатар хотын ууган барилгуудын нэг болох уг барилгыг монголчууд өөрсдөө барьсан гэдгээрээ үнэ цэнтэй байв. Мөн монгол үндэсний хээ, угалз, хэв загварыг хадгалсан, тухайн үеийнхээ цаг үеийн онцлогийг агуулсан түүхэн дурсгалыг нураан суурин дээр нь Чингис хааны музей байгуулахаар Засгийн газраас шийдвэр гараад буй юм.

Музей нураадаг шигээ нураагаад өгөөсэй
Байгалийн түүхийн музей, Хэлмэгдэгсдийн музейг нураах болсон шалтгаан нь аль аль нь ашиглалтын шаардлага хангахгүй болж элэгдсэн, нурж унахад бэлэн болсон, хүний амь нас эрсдэх магадлалтай гэдэг тайлбар. Улаанбаатарт нурах дөхсөн, ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилга байгууламж олон бий. Тэдгээр барилгыг нураах асуудал ч яригдаж байгаа. Хүний амь нас, эрүүл мэндэд халтай болсон барилга байгууламж гэвэл нураагдсан музейнүүдээс илүү аюултай нөхцөл байдал үүссэн орон сууц, худалдаа, үйлчилгээний олон барилгыг нэрлэж болох юм. Иргэдийнхээ аюулгүй байдлыг бодсон бол тэдгээр барилгын эхлээд нураах байсан болов уу.
Манай улс газар хөдлөлтийн эрсдэл өндөртэй, идэвхтэй бүсэд оршдог. Мөн үерийн аюул хот суурин газруудад ихээхэн хохирол учруулдаг. Энэ мэт байгалийн гамшигт үзэгдлүүдийн тоо, давтамж сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа нь аюулын харанга дэлдэж буй юм. Гэтэл байгалийн гамшигт үзэгдлээс дутахгүй хор хөнөөлтэй эрсдэлт хүчин зүйлүүд ч бий болсоор буй юм. Үүний нэг нь ашиглалтын хугацаа дууссан, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон барилга, орон сууцууд. Нийслэл хот болон хөдөө орон нутагт хэдэн зуугаараа тоологдох ийм барилга, орон сууцанд хүн ажиллаж, амьдарсаар байгаа нь сэтгэл түгшээх асуудал мөн. Газар хөдлөлт байтугай ширүүхэн салхинд нурж унахад бэлэн ийм барилгуудын тооллогыг хийж, бүртгэлжүүлсэн ч шууд нурааж, устгах юм уу ашиглалтаас гаргах боломжгүй ажээ. Тиймээс яг хаана байрлалтай, ямар барилга нурах эрсдэлтэй болоод байгаа вэ гэдгийг олон нийтэд шууд зарлалгүй нууцалж буй юм билээ.
Баримт дурдваас, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргасан 556 обьект бий гэнэ. Өнгөрсөн 2018 оны долоодугаар сард Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, ээлж дараатайгаар нурааж, шинээр барилга барих шаардлагатай эдгээр обьектийн жагсаалтыг гаргажээ. Эдгээр 556 обьектын 244 нь нийслэл хотод бий. Эдгээр барилгын 54 нь нэн яаралтай нураах шаардлагатай бөгөөд эхнээсээ ан цав, хагарал үүсч нурж эхэлжээ. Улаанбаатарын хэмжээнд буй ашиглалтын шаардлага хангахгүй болсон дээр барилга, орон сууцанд 6000 гаруй хүн ажиллаж, амьдарч байгаа гэсэн судалгаа ч гарсан байна.
Гэхдээ энэ тоо улам нэмэгдэх магадлалтай. Учир нь улсын хэмжээнд бүх барилгуудад гамшиг, осолын үнэлгээ хийж паспортжуулах ажил явагдаж байгаа юм. Ийнхүү паспортжуулснаар ашиглалтын шаардлага хангахгүй барилгын тоо цаашид нэмэгдэнэ гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байгаа.
Ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй сургууль, цэцэрлэг, соёлын төвийн барилга, айлын орон сууцнуудыг 2022 оны гэхэд бүрэн нурааж, шинээр барихаар төлөвлөж улсын төсөвт жил бүр тодорхой мөнгө зарцуулахаар болжээ. Харамсалтай нь энэ ажил УИХ-ын түвшинд урагшилж өгөхгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл эрхэм УИХ-ын гишүүд ашиглалтын шаардлага хангахгүй болж, хэзээ мөдгүй нурах гэж байгаа балгас мэт барилга, орон сууцнуудыг нурааж, шинэчлэхэд тун хойрго хандсан байна. Уг нь ийм барилгад хүн ажиллаж, амьдрах байтугай ойрхон явахыг ч хоригломоор. Гэвч гишүүдийн хувьд энэ асуудал чухал биш бололтой. Ингэж хэлэх болсны учрыг дор дурдъя.
Ашиглалтын шаардлага хангахгүй болсон обьектуудыг нурааж буулгахад шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тусгахад анхаараач гэж Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын бүх гишүүдэд албан бичиг хүргүүлжээ. 2019 оны улсын төсөвт дээрх 556 обьектоос ердөө зургааг нь л буулгах зардлыг тусгуулжээ. Иймэрхүү байдлаар, жилд 5-6 объектийг л нурааж буулгана гэж үзвэл улсын хэмжээнд бүртгэгдсэн ашиглалтын шаардлага хангахгүй бүх барилгыг нурааж дуусахад 92 жил шаардагдах тооцоо гарч байна. Тэгэхээр үүнд хаа хаанаа анхаарал хандуулж, төсвийг нь дор хаяж 10 дахин нэмж байж ойрын 10 жилийн дотор актлагдсан барилгуудаасаа салахаар байгаа юм.
Уг нь хийх хүн аргыг нь олдог, хийхгүй хүн шалтаг олдог гэдэг. Энэ ажлыг нэлээд далайцтай хийе гэвэл УИХ-ын гишүүн бүр тойрогт нь хуваарилагддаг таван тэрбум төгрөгөөсөө тодорхой хэсгийг нь үүнд зарцуулахад болох юм. Засгийн газарт ч ийм боломж бий. Байгалийн түүхийн музейг нураахад тэрбум тэрбум төгрөг төсөвлөж болж байгаа юм чинь одоо хүн амьдарч буй ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгуудыг нураах зардалд гар татахгүй л байлтай.