Өвлийн жавартай үдэш “White Rock Center”-т амьд хөгжмийн нүргээн цуурайтан залуус “Wake Up-2019” фестивалд чуулсан юм. Амьд хөгжмийн фестиваль гэхээр зөвхөн зуны дэлгэр цагт задгай талбайд болдог гэдэг ойлголтыг “Growl of Clown” хамтлагийнхан эвдээд тав дахь жилтэйгээ золгож буй.

Тэмүүлэл

Тэд 2014 онд нэгдэж хамтлагаа байгуулан хүнд метал рок урсгалаар уран бүтээлээ хийж эхэлсэн. Монголд амьд хөгжмийн фестиваль цөөхөн. Тэр тусмаа өвлийн улиралд болдог амьд хөгжмийн наадам байдаггүй. Тиймээс тэд хамтлагийнхаа нэг жилийн ойн дээр өөрсдийгөө бусдад таниулан уран бүтээлээ идэвхжүүлэхээр “Wake Up” фестивалийг санаачлан жил бүр зохион байгуулж байгаа. Уг наадмын зорилго нь өвлийн аялал жуулчлалыг тэлэн залууст амьд хөгжмийг мэдрүүлж, тухайн жилдээ хийсэн уран бүтээлээ хүргэх гэнэ. Өвлийн “Playtime” шиг л болох зорилго бүхий уг наадам цаашдаа дэлхийн томоохон хамтлагуудыг эх орондоо авчран гаднын олон жуулчдыг татах зорилготой.

2016 онд “Milange Lounge”-д зохион байгуулсан анхны фестивальд нь тэднээс гадна “Purgatory Destroyers” буюу одоогийн “Break the Cycle” хамтлаг тоглон 100 гаруй хүн үзэж байжээ. Анхны “Wake up” фестивалийг метал урсгалаар голчлон хийсэн бол 2016 оноос эхлэн амьд хөгжмийн хамтлагуудыг урсгал хамаарахгүйгээр нэгтгэснээр жил ирэх тусам хүрээгээ тэлжээ. Тэр ч утгаараа “Wake Up” фестивальд энэ жил гэхэд л “Нисванис”, “The Lemons”, БНСУ-ын поп рок урсгалаар тоглодог “Adios Audio”, “Break the Cycle”, “The Tourists” зэрэг 12 хамтлаг оролцлоо. Тэд зорилгоо бага багаар биелүүлэн мөрөөдөл рүүгээ тэмүүлсээр байгаа.

Анхны цомог: “The Fallen City”

Залуус “Growl of Clown” буюу “Салбадайн хашхираан” хэмээн метал рок урсгалтайгаа хослуулан хамтлагаа нэрлэжээ. Тэдний анхны дуунууд 61-ын гарам дахь үнээний фирмийн дэргэд дөрвөн ханатай монгол гэрт нүргэлж эхэлсэн байдаг. Хамтлагийн дуучин Б.Хүрэлбаатар анх хамтлаг байгуулахаар найзуудтайгаа ярилцаж, бөмбөрчин Э.Алтан-Эрдэнэ, соло гитарчин О.Бархүү, басс гитарчин Г.Ариун-Эрдэнэ, гитарчин Ж.Нямжав нарыг нэгтгэн энэ бүрэлдэхүүнээрээ сүүлийн гурван жил хамтдаа нэг зорилго дор урын сангаа нэмсээр байгаа. Тэд 2018 онд найман дуутай хүний дотоод сэтгэлийг хашхирааныг илэрхийлсэн “The Fallen City” анхны цомгоо гаргасан. Дараагийн цомог нь ч удахгүй гарна гэсэн шүү.

“Хүний дотоод сэтгэлд байдаг жижигхэн харанхуй хэсгийг ухаж гарган аяа дэвсэн түүндээ тааруулж оюун бодолдоо төрсөн зүйлсээ ямар үгээр илэрхийлэх үү гээд дуу хийхэд их ажиллагаа ордог” хэмээн тэд цөөн үгээр дуу бүтдэг түүхээ хуваалцсан.

Сониноос “Growl of Clown” анхны тайз тийм ч чамлахаар жижиг байгаагүй аж. Гэхдээ “Noise metal fest” хөгжмийн наадмын гарааны буюу халаалтын хамтлаг болсон тэднийг гуравхан хүн үзсэн гэдэг. Нэг нь бөмбөрчнийх нь найз охин нөгөө хоёр нь хамтлагийн гишүүдийн найзууд. Гэхдээ тоглолтод бэлдэж, хичээл зүтгэл гаргасан болохоор тэд 1000 хүний өмнө тоглож байгаа юм шиг л тоглоод тайзнаас буусан тухайгаа ярьсан юм. Тэр фестивалийг олон хүн үзсэн ч цагаа барьж ирээгүй үзэгчдээс болоод ийнхүү гурван хүний өмнө тоглосондоо харамсдаггүй юм билээ. Тиймээс ч “Wake up” фестиваль хэзээд яг товлосон цагтаа эхэлдэг. Үзэгчдийг ч энэ соёлд хэвшээсэй хэмээн уриалсаар байгаагаа хэлсэн.

Мөрөөдлийн үзүүр

5 сард Shizhou Midi festival Шанхай Liverpool sound city Англи, Ливерпүүл Focus Wales Англи, Рексем The Great Escape Англи, Брайтон 6 сард Download Festival Англи, Донингтон Парк

“Биднийг анх хамтлагаа байгуулан тоглолт хийхээр очиход зарим газар энэ бацаанууд юу чаддаг юм гэж хүлээж авч байсан” хэмээн хамтлагийн дуучин Б.Хүрэлбаатар ярьсан юм. Харин тэднийг ирэх жил Лондонд болох фестивальд тоглолтыг нь үзэхийг мөрөөддөг, шүтээн болсон хамтлагуудтайгаа мөр зэрэгцэн дуулна гэдгийг тэр үед хэн ч төсөөлөөгүй болов уу.

Учир нь “Growl of Clown” хамтлагийнхан өнгөрсөн есдүгээр сард БНСУ-д болсон “Zandari Festa” show­case Festival-д оролцон нийт дөрвөн газар тогложээ. Уг фестивальд шинэ залуу хамтлаг дуучид ая дуугаа өргөн шоу ертөнцийн томоохон лэйбел (label) оролцон тэндээс хамтлаг, дуучдыг сонгож ажлын санал, фестивалиудад тоглох урилга өгдөг аж.

“Growl of Clown” хамтлагийнхан энэхүү фестивальд оролцсоноороо мөрөөдлийнхөө үзүүрээс атгажээ. Английн метал, рок хөгжмийн хамгийн том фестивальд тэд уригдав. Анх л метал рок урсгалд ороход нөлөөлж шүтээн нь болж байсан “Slipknot”, “Tool”, “Slayer”, “Lamb of God” зэрэг том хамтлагуудтайгаа нэг тайзнаа гарч дуулах боломж ийнхүү таван жилийн хугацаанд бүрдсэн гэж хэлж болно.

Энэ бол “Growl of Clown” хамтлагийнхан ирэх оны тав, зургадугаар сард тоглох фестивалиудын хуваарь. Тиймдээ ч ирэх тавдугаар сар тэдний хувьд завгүй, хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээ дайчлах хийсэн бүтээснээ бусдад таниулах их ажлын эхлэл байх болно.

Дэлхийд Монголын метал рок хамтлагийг гаргах зорилготой тэд хөгжмийн томоохон лэйбел (label)-тэй хамтран ажиллах хүсэл өвөрлөж буйгаа ч нуусангүй. Солонгосоос тэдэнд хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн ч, дэлхийн метал хөгжмийн зах зээл рүү илүүтэй тэмүүлсэн учраас татгалзсанаа ч хэлсэн юм.

Хүнд метал рок урсгал бол зөвхөн залуу насандаа сонирхоод хаях зүйл биш гэж үздэг монгол залуус удахгүй Лондонд болох амьд хөгжмийн фестивалийг зорин өөрсдийн дуу хоолойгоо хүргэх нь ээ.