Монгол Улсын Засгийн газраас Шинжлэх Ухаан технологийн салбарын 2019 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг академич Б.Бямбаад олгохоор шийдвэрлэж, 100 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэсэн билээ. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг шагналыг “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлээрээ хүртэж буй Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Б.Бямбаад Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд биечлэн гардуулав.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Б.Бямбаагийн тус бүтээл нь Мал эмнэлгийн хүрээлэнд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хийгдсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүн юм.
Академич Б.Бямбаагийн бүтээсэн Авермонмек, Альмонзол эм бэлдмэлүүд үйлдвэрлэлд нэвтэрч, дотооддоо үйлдвэрлэх болсноор гадаадын ижил төстэй бүтээгдэхүүн худалдаж авах үнэтэй харьцуулахад даруй 147.4 тэрбум төгрөгийн хэмнэлтийг бий болгосон гэж эдийн засагчид тооцоолон гаргажээ.
Монгол Улсын мал сүрэгт шимэгчлэн амьдарч үхэл хорогдол, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг гадар 54, дотор 178, нийт 232 зүйлийн шимэгчээр үүсгэгддэг паразиттах өвчнийг эмчлэх, сэргийлэх технологийг бий болгохдоо тэдгээр шимэгчдийн биологийн онцлог, оршин амьдрах ерөнхий зүй тогтлыг нээн илрүүлж, амьдралыг нь малын бие махбодид таслан зогсоох онолын шийдлийг олж тогтоосон явдал юм.
Малын гадар, дотор паразитийг устгах, тэдгээрээс сэргийлэх үйлчилгээтэй “Авермонмек”, цагаан хорхойг малын биеэс гадагшлуулан туулгах үйлчилгээтэй “Альмонзол” бэлдмэлүүдийн технологи нь шинжлэх ухаан, технологийн хөгжлийн орчин үеийн тэргүүний түвшинд зохион бүтээгдсэнийг Монгол улсын малын эм бэлдмэл шалгах, баталгаажуулах улсын лаборатори болон дэлхийн референт (лавлагаа) лабораторид хянан магадлагаа хийж тогтоожээ. Энэхүү технологи нь шинжлэх ухаан, технологийн хөгжлийн өнөөдрийн түвшинд бий болсон түүхий эдийн шинж чанарт үндэслэн, олон найрлагат эм бэлдмэлийг зохион бүтээх орчин үеийн технологи, техник хэрэгсэл, ноу-хауг ашигласнаараа хүн ам, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хаягдалгүй, экологийн хувьд цэвэр технологи болсон байна