Эрх баригч нам ирэх оны УИХ-ын сонгууль явуулах хувилбарыг ирэх долоо хоногт батална. Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдааныг лхагва гарагт хуралдуулж, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх бол пүрэв гарагт хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.
УИХ-ын сонгуулийг мажоритар системийн холимог хувилбар буюу жижиг тойргоос 50, улс нэг тойргоос 26 хүн сонгох хувилбараар явуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж байгаа. Ингэхдээ улс нэг тойрогт 26 гишүүнийг хувь тэнцүүлэн сонгохоор тусгасан. Гэвч энэхүү хувилбар нь УИХ-ын гишүүд тэр дундаа парламентад анх сонгогдсон гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч буй. Тэдний зарим нь 60+16 буюу жижиг тойргоос 60, том тойргоос 16 хүн сонгох санал гаргаад байгаа. Тиймээс ирэх оны сонгуулийг 50+26 юу, 60+16 юу эсвэл жижиг 76 тойргоор явуулах уу гэдгийг ирэх пүрэв гарагт шийдвэрлэх нь.
Сөрөг хүчин АН-ын хувьд мажоритарын холимог тогтолцоог дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Парламентад суудалгүй бусад нам ч энэ хувилбарыг дэмжиж, эхнээсээ сонгуульд эвсэж оролцох замыг сонгож байна. Тухайлбал, Монголын ногоон нам, Гэр хороолол хөгжлийн нам сонгуульд эвсэж оролцоно гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.