Өнөөдөр хүүхдийн ном, зохиол 30-60 хувийн хямдралтай худалдаалагдана

“Эрүүл мэндийг хохироох хор бус Эрдэм оюуныг тэтгэх ном бэлэглэе” уриатайгаар хүүхдийн уран бүтээлч, зохиолч нар нэгэн дор чуулж байна. Монголын хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг” төв болон Монголын хүүхдийн төв номын сан хамтран зохион байгуулж байгаа “Хүүхдийн зохиолчтой хамт” өдөрлөг өчигдөр Монголын хүүхдийн төв номын санд нээлтээ хийлээ.  

Нээлтийн үеэр номонд дуртай бяцхан уншигчид өөрсдийн ая дуугаар зохиолч ах эгч нартаа мэндчилгээ дэвшүүлж, Хүүхдийн төв номын сан  “Ээжээ номын санд очъё” шинэ номын дээжээр уран бүтээлчдэд бэлэг барилаа.

Хүүхэд бүрийн дуртай шинэ жилийн баяраар эрүүл мэндэд хортой амттан биш харин оюун ухааныг нь тэлэх ном бэлэглэхийг эцэг эхчүүдэд уриалж буй өдөрлөг арга хэмжээ өнөөдөр мөн үргэлжлэх бөгөөд уран бүтээлч зохиолчид номоо 30-60 хувь хямдруулан худалдаалж байна.

Мөн хүүхэд багачууд дуртай шүлэг, дуугаа уншиж, дуулж болох чөлөөт тайз, нээлттэй микрофон, өвлийн өвөөд илгээх захидлын уралдаан, зураг зурж, цаасаар урлаж болох “Уран бүтээлч” булан гээд олон сонирхолтой арга хэмжээг энэ үеэр зохион байгуулах юм. Бичсэн номынх нь талаар зохиолчтой нь ярилцаж, гарын үсгийг нь авах, хамт зураг даруулан “Амттай-ном” сугалааг бэлгэнд авч өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжийг хүүхдийн уран бүтээлч нар олгож байна.

Хоёр өдөр үргэлжлэх арга хэмжээний үеэр ээж аавуудад зориулсан “Хүүхдийн уншлагад эцэг эхийн оролцоо”, “Уншлагаар хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх нь” зэрэг сонирхолтой илтгэл, чөлөөт хэлэлцүүлэг хийж, зохиолч Б.Ганчимэг, Ш.Солонго нарын олон уран бүтээлчийн шинэ номын нээлт боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)