Хотын түүхч Г.Очбаяр

Түүхч мэргэжил эзэмшихээр сурч байх үедээ “Алтан хонх” гэдэг нэвтрүүлэгт орсон. Улаанбаатар хотын сэдвээр болсон тэр нэвтрүүлэгт дөрөвт орж байсан санагдаж байна. Тэгээд хичээлийнхээ хүрээнд хотын түүх үзэж, сэтгэл татагдаж, үйлдвэрлэлийн дадлагаа лаанбаатар хотын музейд хийж байлаа. Тэр үедээ ажлын анкетаа өгсөн юм. Сургуулиа төгсчихөөд “Номин”-гийн сүлжээнд менежерээр орохоор болчихсон байх үед хотын музейгээс ажлын санал ирсэн юм. Эрдэм шинжилгээний ажилтан болсныхоо дараа хотын аяллыг санаачилж, сүүлийн 11 жил хөтөч хийж байна. Хотын аялал жилдээ 20 гаруй удаа болдог. Анхандаа  сурталчилж, хүмүүст хүсэлт тавьдаг байсан бол одоо байгууллага, хүмүүс өөрсдөө хүсэлт тавьж, дараалал нь гүйцэгдэхээ больжээ. Улаанбаатарчууд Улаанбаатараа маш их сонирхдог болсон. Хаана амьдарч байгаагаа мэдэх сонирхол улам бүр нэмэгдэж байна. Өнөөдөр бид гурван хотод амьдарч байгаа юм. 1921 оноос өмнөх Богдын Хүрээ хэмээх хот байна. Тэр хот өөрийн гэсэн өнгө, дүрх төрх, дурсамж, архитектур, хот төлөвлөлттэй. Сүм хийд дагасан төлөвлөлттэй хот байж. этэл 1921-1990 оныг хүртэлх социалист Улаанбаатар бас өөрийн гэсэн дүр төрх, онцлогтой. Монголын орчин цагийн хотжилтын түүх бидний нүдэн дээр байж байна. Дараа нь 1990 оноос хойш шинэ Улаанбатар хотыг байгуулж байна. Социалист Улаанбаатарыг бид хуучин Хүрээний төвийг буулгаж байгаад байгуулчихсан. Гэтэл капиталист Улаанбаатарыг байгуулахдаа  хуучин “Азийн цагаан дагина” гэгддэг байсан социалист Улаанбаатарынхаа төв дээр давхарлаад байгуулчихсан. Социалист Улаанбаатарыг амьд, хүнд зориулсан орон зайтай босгосон. Тийм ч учраас тэр хотын нэршил, байршлууд өнөөдөр ч хэрэглээнд байсаар байна. Анхандаа тэдгээр хүнд зориулсан орон зайд шилэн барилгууд, орчин үеийн сууцуудаа барьж эхэлсэн. Гэтэл барих зайгүй болчихсон. Тэгээд одооноос хуучин барилгаа буулгаад барьж эхэлж байна. Социализмын үед хуучин хотоо устгасан алдааг өнөөдөр ч бид давтаж байна гэсэн үг. Өнөөдөр гурван хотын төвтэй байх боломжтой байсан. Түүнийгээ бид өөрсдийн гараараа үгүй хийсэн. Энэ бол хот төлөвлөлтийн асар том алдаа. Москва, Америкийн хотуудыг хараад байхад шинэ барилга, суурьшлаа өөр газар барьж байгуулдаг. Гадны судлаачид ирээд Улаанбаатар бол хот төлөвлөлтийнхөө үүднээс хуучин хотынхоо үнэ цэнэтэй капиталаа алдаж байгаа хот гэж тодорхойлдог юм. Бид архитектур, түүх, орон зай, дурсамжаа алдаж байна. Үүнийг нь хэлж өгөх ёстой инженер, архитектууруудын дуу хоолой үнэхээр сул байна. Уг нь бол энэ талаар маш өргөн хүрээнд ярьж, хэлэлцэх цаг нь болсон.

Сүхбаатар дүүрэг. I хороо. П.Гэндэнгийн гудамж.

Чойжин ламын сүм музей Олимпийн гудамжнаас баруун тийш UB mart, “Сарны титэм”-ийн урдуур явж Чингисийн өргөн чөлөө хүртэл үргэлжлэх уг гудамжийг 2010 онд  Монгол Улсын ес дэх Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнгийн нэрэмжит болгосон юм.