Монголчууд “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрийг андахгүй сайн мэднэ. Энэ бол бахархаж, үлгэр дуурайлал аваад байх сайхан дүр биш ч гэлээ монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон дүр. Тийм ч учраас бодит амьдрал дээр Шагдар шиг зан гаргаж эхнэр хүүхдээ орхисон хүмүүсийг Шагдар хэмээн цоллох нь бий.

Үр удмаа үлдээх нь хүн болж төрсний хамгийн том утга учир. Гэхдээ удмаа үлдээсэн л бол боллоо гэсэн шиг төрсөн үрээ орхиод явах нь хүний ёсноос гажууд асуудал. Хосууд таарч тохирохгүйгээсээ болж салахыг үгүйсгэхгүй ч төрсөн үрээ тэжээж тэтгэхээс татгалзаж болохгүй. Ийм хариуцлагагүй үйлдэл гаргаж хүүхдийн мөнгөн тэтгэмж төлөхөөс татгалзаж, хүүхдийнхээ эрхийг зөрчсөн 233 хүний нэрийг саяхан Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран зарласан. Тухайн хүмүүс нь шүүхийн шийдвэрийг биелүүлж хүүхдийн тэтгэмжээ төлөхөөс татгалзсан, эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүс юм байна. Эдгээр хүмүүсийн ихэнх нь оршин суугаа хаяг дээрээ байхгүй бөгөөд зургаан сарын өмнөөс эрэн сурвалжлагдаж эхэлжээ. Ийнхүү эхний ээлжинд эрэн сурвалжлагдаж буй Шагдаруудын нэрийг зарласан бол цаашид ШШГЕГ-тай хамтран Зөрчлийн тухай хууль болоод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад тэтгэмжээ төлөхгүй эцэг эхийн хариуцлагын талаар нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Тухайлбал, хүүхдийн тэтгэмжээ өгдөггүй зугтаадаг эцэг, эхчүүдийг 30 хүртэлх хоногоор цагдан хорих заалт оруулах саналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гаргасан байна. Ингэж хуулийн хариуцлагыг нь чангаруулахгүй бол жил ирэх тусам хүүхдийнхээ эрхийг зөрчиж, хүүхдийн тэтгэмжээ төлдөггүй эцэг, эхчүүдийн тоо нэмэгдсээр байгаа ажээ.

2018 оны байдлаар улсын хэмжээнд 91503 өрх толгойлсон эцэг, эх байгаагаас 72000 гаруй нь эмэгтэйчүүд байна. Үүнээс үзвэл эх хүний нинжин сэтгэлээ гээсэн эмэгтэй Шагдарууд ч цөөнгүй байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: -Монгол Улсад гэр бүл салалт гамшгийн хэмжээнд хүрээд байна. Аливаа улс үндэстний оршин тогтнох гол суурь нь гэр бүл. Тэр дундаа гэр бүлийн суурь хүмүүжил, хөгжил байдаг. Харамсалтай нь, манай улсад нийт 70 гаруй мянган орчим ээжүүд өрх толгойлж амьдарч байна. Үүний 90 гаруй хувь нь салалтаас улбаатай байна. Ер нь айл өрхийн амьдралыг авч явах үүрэгтэй эр хүн ядаж үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой. Шүүхийн шийдвэрийн биелэлтээс харахад үр хүүхдээ хаяж явсан эцэг, эхийн ихэнх нь нөхөн төлбөр төлдөггүй. Тухайлбал, Эрдэнэтэд нэг жишээ гарсан. Эцэг нь хүүхдийн нөхөн төлбөрийг төлнө гээд гурван жил төлөөгүй. Тэтгэмжээ төлөхийг шаардахад шүүхээр яваарай гэдэг. Шүүх дээр очихоор хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хүүхдийнхээ мөнгийг нэхэхгүй яасан юм бэ гэх жишээтэй. Гэтэл хүүхэд өсөхийн хэрээр зардал нэмэгдэнэ шүү дээ. Гэр бүлээ хаяж явсан эцгийн хувьд өөрийнхөө бүх хөрөнгийг өөр хүний нэр дээр шилжүүлчхээд юу ч байхгүй гэх асуудал гарч байна. Тэднийг шахахаар ямар нэгэн аргаар мөнгө нь гараад ирдэг. Тиймээс ээжүүдийн нулмсыг арчиж, нурууг тэнийлгэх цаг болсон. Эх хүн яагаад төрөх гэж зовчихоод ганцхан өөрийнх нь хариуцлага мэт өсгөх гэж зовох ёстой гэж. Эрх тэгш л байх ёстой.

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл: -Гэр бүлийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль, Зөрчлийн тухай хуульд хүүхдийн тэтгэмж төлөх хариуцлагыг нэмэгдүүлж, нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Учир нь, Монгол Улсын хууль эрх зүйн орчинд хүүхдийн тэтгэмжээ төлөлгүй зугтаасан иргэнд хүлээлгэх хуулийн хариуцлага байхгүй. Гурван сараас дээш хугацаагаар хүүхдийн тэтгэлгээ төлөөгүй бол Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгодог зохицуулалттай байгаа нь хангалтгүй. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан албан ёсны тоогоор 2018 онд нийт 2945 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд Гэр бүлийн тухайн хуулийн дагуу хянан шийдвэрлэсэн хэргийн 61.8 хувийг гэрлэлт цуцлах маргаан эзэлж байна.

Хуульч Р.Булгамаа: -Гэр бүл салахад хамгийн гол хохирогч субъект нь хүүхэд болдог. Өөрөөр хэлбэл, гэр бүл салалтаас үүсч байгаа хамгийн гол уршиг нь хүүхэд дээр ирж буудаг.  Энэ зүйлийг зөвхөн тэтгэмж өгснөөр шийдвэрлэнэ гэдэг нь дэндүү учир дутагдалтай. Тодруулбал, гэр бүлийн нэг гишүүн нь хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, боловсролтой иргэн болгох үүргээ орхиод явдаг. Хүүхэд хайр, халамжаар дутагдаж үлддэг. Тэтгэмжийн тухайд бол эргэж харахаар асуудал бас байдаг. Үндсэн хуульд нас хүйс, яс үндэс, шашин шүтлэгээр нь ялгаварлаж үл болно гэж заасан байхад өнөөдөр нийгмийн тулгуур үндсэн нэгж болсон гэр бүл дэх харилцаан дунд хүүхдийн тэтгэмжийн асуудлыг 0-11 нас хүртэлх хүүхэдтэй бол амьжиргааны доод түвшний 50 хувиар бодож олгоно, 11-18 хүртэлх настай хүүхдэд 100 хувь бодож олгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл, насны байдлаас нь хамаараад ялгаварлан гадуурхаж байгаа процессыг өөрчлөх хэрэгтэй. Нэг настай ч бай, 16 настай ч бай хүүхдийн хэрэгцээ шаардлага ямар ч ялгаагүй байх учиртай. Тэтгэмж төлөх ёстой хүмүүс салсан эхнэр, нөхрөө тэжээх гэж байгаа юм шиг ханддаг. Тэтгэмж төлж байгаа процедурт маш их асуудал байна. Тэтгэмж төлж байгаа иргэн орлогоо нуудаг, орлоготой хэдий ч төлөхгүй зугтдаг. Мөн төлье гэвч чадваргүй нэг хэсэг байгаа. Тэтгэмж авч байгаа хүний хувьд ч энэ асуудлын араас явахаас ч тээр төвөгшөөдөг. Тиймээс тэтгэмжээ төлөхгүй хүмүүсийг албадан ажил хийлгэж тэтгэлэг төлүүлэх зэрэг төрийн зохицуулалт хэрэгтэй харагддаг.