Байгалийн түүхийн музейн фассадыг нураахын өмнө уг музейн үүдэнд байсан хоёр чулуун арсланг Богд хааны ордон музейд шилжүүлэх зорилгоор ачсан байна. Гэвч эдгээр чулуун арслан өнөөг хүртэл Богд хааны ордон музейд очоогүй байгаа ажээ. Энэ талаар Богд хааны ордон музейн албан ёсны пэйж хуудсанд тус музейн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Гүнчин-Иш мэдээлжээ. Тэрээр, "Бид шилжүүлэн авахад шаардагдах холбогдох бүх бичиг баримтыг бүрдүүлэн зохих газар хүргүүлээд удаж байгаа билээ. Дээрх арслангууд хаана хадгалагдаж байна вэ? Яагаад Богд хааны ордон музейд авчрахгүй байна вэ? Хадгалалт, хамгаалалт нь юу болж байгаа юм бол? Нийслэлийн удирдлагууд түүх, соёлын өвтэй холбоотой асуудалд хэтэрхий цалгар хандаж байна уу даа. Сураг сонсохнээ Баянхонгор аймгаас уг хоёр арсланг авах хүсэлт гаргасан гэх юм. Баянхонгор аймгаас авч ирсэн хоёр арслан бол МУИС-ийн төв байрны урдах арслангууд шүү дээ. Ширэндэв гуай Баянхонгороос очиж авчруулж байсан түүхтэй гэдэг. Харин байгалийн түүхийн музейн өмнө байсан хоёр арслан бол хэзээнээс Богдын шар ордны өмнө байсан бөгөөд 1954 онд Улсын төв музей барилга /Одоогийн Байгалийн түүхийн музейн нураагдсан барилга/ ашиглалтад ороход өмнө нь байрлуулсан түүхтэй. Энэ жил Богд хааны мэндэлсний 150 жилийн ой тохиож байна. Тэгээд ч Богд хаантай холбогдох түүхийн дурсгалыг Богд хааны ордон музейд шилжүүлэх нь зүй ёсны хэрэг биз дээ. Гэтэл түүхийн үнэт дурсгал болсон хоёр чулуун арслан хаачив" хэмээжээ.

Хос чулуун арслан Богдын шар ордны үүдэнд байжээ. Арслангууд байсан газрыг зураг дээр дугуйгаар тэмдэглэжээ.