Сонгуулийн тогтолцооны сонголтууд

УИХ-ын сонгууль бүрийн өмнө эрх баригч нам сонгуулийн хуульд өөрчлөлт оруулдаг жишиг тогтов. Дөрөв дөрвөн жилийн зайтай өрнөдөг энэ процесс яг одоо үргэлжилж байна. Эрх баригчид дараагийн сонгуульд ялалт байгуулах зорилт тавин сонгуулийн хуулийн төслөө өөрсдөө санаачлан боловсруулж баталдаг ч ялалт байгуулж чаддаггүй этгээд сонин зүй тогтол бий. Харин энэ удаад МАН-ынхан үүнийг сөрж чадах уу. Ямартай ч тэд 76 гишүүний 50-ийг нь жижиг, 6-г нь томсгосон буюу улс нэг тойргоос сонгох хувилбарыг санал болголоо. Ингэвэл ялна гэж тооцжээ. Энэ хувилбар нь ч УИХ-ын босгыг давлаа. Гэхдээ маш ээдрээтэй, бас  эсэргүүцэлтэй байна. Яагаад ээдрээтэй, бас эргэлзээтэй байгааг тайлбарлая.

УИХ саяхан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ үед АН-ын зүгээс сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах санал гаргасан ч МАН-ынхан дэмжээгүй. Гэтэл сар хүрэхгүй хугацааны өмнө дэмжихгүй байсан холимог тогтолцоогоо УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлдөө шингээгээд оруулаад ирлээ. Төсөл боловсруулсан ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан гишүүний тайлбарлаж байгаагаар бол энэ холимог тогтолцоо бус том, жижиг нийлсэн мажоритар тогтолцоо гэнэ. Гэхдээ УИХ дотор түүнтэй санал нийлэхгүй гишүүн олон байна. Бүр хамтдаа ялалт байгуулах ёстой намын нөхөд нь ч санал нийлэхгүй байна.

Тэд яагаад мажоритар бус пропорциональ элемент орсон холимог тогтолцоо гэж үзэж байгаа вэ гэхээр, сонгогчид улс нэг тойрогт нам, эвсэл бүрээс 26 мандатын төлөө нэр дэвшиж буй хүмүүсээс нэг нэр дэвшигчийг л сонгоно. Тэр нэр дэвшигчийн авсан санал өөрт нь тооцогдож намынхаа жагсаалтын хэддүгээрт эрэмбэлэгдэх эсэх нь шалтгаалахаас гадна авсан санал нь намд нь давхар тооцогдоно. Улмаар нам нь хэдэн хувийн санал авахаас тухайн намын 26 нэр дэвшигчийн хэд нь сонгогдох нь шалтгаалах юм. Сонгогчид нэр дэвшигчийн нэрийг дугуйлан сонгож байгаа ч тухайн хүн сонгогдох эсэх нь намынх нь авах саналаас хамаарна гэсэн үг. Намынх нь авсан саналд хувь тэнцүүлэх байдлаар жагсаалтын эхэнд эрэмбэлэгдсэн нэр дэвшигчдийг УИХ-д оруулна.

Товчхондоо иргэд нэр дэвшигчийг шууд сонгож байгаа мэт боловч тухайн нэр дэвшигч сонгогдох эсэх нь намаасаа шалтгаалж байгаа учраас 2016 онд Цэц дээр бүдэрсэн сонгуулийн тогтолцооноос ялгаагүй юм. Ийм л учраас УИХ-ын гишүүд баталсан хууль нь дахиж Цэц дээр унах вий гэдгээс болгоомжилж байна.

Батлах нь УИХ, баталгаажуулах нь Цэц 

Үндсэн хуулийн Цэц 2016 оны дөрөвдүгээр сарын 22-нд “УИХ-аас 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд баталсан Сонгуулийн тухай хуулийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн (пропорциональ);”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэж заасны “... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ...” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... шууд ... сонгоно” гэснийг зөрчсөн байна” хэмээн дүгнэсэн. Цэцийн энэ шийдвэр эцсийнх бөгөөд хууль байх учиртай. Цэц ийм шийдвэр гаргахад эхлэлийг нь тавьсан хүн бол Ардын их хурлын депутат асан, Үндсэн хууль тогтоогч Д.Банзрагч. Тэрээр 2016 оны сонгуулийн өмнө холимог тогтолцоогоор сонгууль явуулах нь Үндсэн хууль зөрчиж байна гэдэг үндэслэлээр Цэцэд хандсан юм. Тэрээр энэ удаад ч Цэцэд хандахад бэлэн байгаа гэдгээ хэллээ. Сая УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн 21.2 буюу “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалтыг хэвээр үлдээсэн. 2016 оны сонгуулийн өмнө Үндсэн хуулийн Цэц пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулах нь УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн агуулгатай энэ заалтыг зөрчиж байна гэж дүгнэсэн. Тиймээс одоо УИХ-д өргөн барьчихаад байгаа Сонгуулийн тухай хуулийн төсөл цаашаа явахгүй. Үндсэн хуулийг шууд зөрчинө. Нам тус бүрээс нэр дэвшсэн 26 нэр дэвшигч нийлээд хэдэн ч хүн болсон авсан саналаар нь жагсаагаад нам харгалзахгүй хамгийн олон санал авсан 26-г сонгогдсонд тооцвол Үндсэн хууль зөрчихгүй. Харин 26 нэр дэвшигчийнхээ авсан саналыг намдаа тооцоод хувь тэнцүүлэх байдлаар суудал хуваарилах л юм бол Үндсэн хуультай зөрчилдөнө. УИХ хуулиа анх өргөн барьсан хувилбараар нь баталбал би хууль батлагдсаны маргааш өргөдлөө бариад Цэц рүү явна.

50:26-г 60:16 болгох санаачилга

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг анх өргөн барьсан тогтолцоогоор нь баталбал Үндсэн хуулийн Цэцэд дуудагдах нь тодорхой байна. Иргэн Д.Банзрагч Цэцэд хандана шүү гэдгээ анхааруулчихлаа. Гэхдээ Цэц Үндсэн хуулийн манаач байхаа больсон. Сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлаар гурван удаа өөр өөр шийдвэр гаргаж байсан түүхтэй. Хамгийн сүүлд гаргасан шийдвэр нь л холимог тогтолцоог үгүйсгэж байгаа болохоос 2012 оны сонгуулийн өмнө хүлээн зөвшөөрч байлаа. Тэгэхээр УИХ-ын сонгуулийн хуулийг энэ чигээр нь баталлаа гэхэд Цэц Д.Банзрагч гуайн гомдлыг хүлээж авахгүй байх магадлал бас бий. Тиймээс УИХ Цэцэд найдаж сонгуулийн хуулиа холимог тогтолцоогоор нь батлах уу. Энэ хэлбэрээр нь баталлаа ч хуваарилалтыг нь өөрчлөх магадлалтай. Учир нь, УИХ-ын гишүүд хуваарилалт нь шог байна гэдгийг хэлээд эхэллээ. Бүр УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлыг бүлэг болон Удирдах зөвлөлийн хурлаар дахиж ярина гэсэн. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн 
УИХ-ын сонгуулийн тухай хуулийг амжвал энэ сарын 20, амжихгүй бол 25-ны дотор батлахаар төлөвлөж байгаа. Хэлэлцүүлгийн явцад 50:26 гэдэг хувилбарыг бүлэг дээрээ ярина. Удирдах зөвлөл ч бас эргэж ярих шаардлагатай гэж үзэж байгаа. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
Өргөн барьчихаад байгаа 50:26 хувилбар, эсвэл 60:16 гэсэн систем яригдаж байгаа. Хэлэлцэж байгаад шийдэх байх. Аль хувилбараар батлагдвал ямар үр дагавартай вэ гэдгээр хууль хэрэгжүүлэгч байгууллага Сонгуулийн ерөнхий хорооноос саналыг нь сонсоно. Санал хураалтаас эхлээд үүсэх үр дагавар их шүү дээ. 

УИХ-ын гишүүн Н.Учрал
Бидний ярьж байгаа энэ хувилбараар сонгууль явуулдаг 28 улс байна. Тэр дундаа бидний жишээ авдаг орнууд бий. Улсын хэмжээнд нэр хүндтэй хүнээ сонгодог. Энэ тогтолцоогоо хэлбэрийн хувьд дэмжээд 60:16 болгох боломжтой. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
50:26 гэсэн энэ хувилбарыг 60:16 болгох боломж нээлттэй. Хэлэлцүүлгийн үед өөрчлөх бүрэн боломжтой. 

Булганы нэг хүн Хэнтийн гурван хүнтэй тэнцдэг

УИХ-ын гишүүдийн байр сууриас үзвэл 50:26 гэдэг тогтолцоо өөрчлөгдөх магадлалтай байна. Магадгүй өмнө нь сонгогдсон жижиг тойргоо сайн усалсан гишүүд тойргоо томруулахыг хүсэхгүй байхыг үгүйсгэхгүй. 60:16 гэдэг хувилбараар сонгууль явуулбал өмнөх тойргоос нь бараг ялгаагүй. Мөн 50 жижиг тойрог байгуулснаас 60 жижиг тойрог байгуулах нь арай хялбар. Олон жижиг тойрог байгуулах тусам манай аймаг цөөхөн, бусад аймаг олон мандаттай гэсэн маргаан гарах нь багасна. 75 жижиг тойргоор сонгууль явуулахад ч ийм маргаан гардаг. Тухайлбал, ганцхан мандаттай Булган, Говь-Алтай аймгаас сонгогдсон гишүүд, иргэд нь гомдол
мэдүүлдэг. Анхдагчдын өлгий гэгддэг Булган аймгийн нэг иргэн Хэнтийн гурван иргэнтэй тэнцүү гэсэн хошин хэлц ч гарсан. Гэхдээ мандатын тоо хуваарилах, тойрог байгуулах нь УИХ-ын сонгуулийн тухай хуулиас тусдаа тогтоолоор шийдэгддэг асуудал. Сонгуулийн ерөнхий хороо тойрог байгуулах саналаа УИХ-д танилцуулж, ирэх хоёрдугаар сарын 1-ний дотор батлуулах ёстой. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
Хуулийн төсөлд “Тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулна” гээд заачихсан байна. Энэ бол 2016 онд баталсан хуульд ч байсан зарчим. Гэтэл хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь зэргийг харгалздаггүй. Хүн ам төвлөрсөн газрууддаа тойргийн тоог нэмдэг. Олон хүнтэй газраас олон гишүүн сонгогдох ёстой гэсэн өнцгөөр асуудалд ханддаг. Миний сонгогдсон Говь-Алтай аймаг газар нутгийн хэмжээгээр хоёрт ордог аймаг. Энэ аймагт засаг захиргааны 20 нэгж бий. Гэтэл ганцхан гишүүнтэй. Зарим гишүүн гурав, долоон засаг захиргааны нэгжийг төлөөлдөг. Дундговь, Сүхбаатар, Булган бас Говь-Алтайтай адилхан. Төсөв батлахад мандатын тоо хүчтэй нөлөөлдөг. Олон мандаттай нь ахиухан төсөв авдаг, цөөхөн мандаттай нь цөөхнийг авдаг. Үүнийг дагаад хөрөнгө оруулалт хойшилдог. Энэ байдал хот, хөдөөгийн ялгааг улам тодруулж байна. Цаашдаа олон зүйлийг харгалзан тойргоо байгуулах шаардлагатай байна. Энд манай нам ялна, тэнд тэдний нам ялна гэдэг байдлаар тойрог хуваарилдгаа болих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2016 оны сонгуулийн өмнө тойрог байгуулахдаа хил залгаа бус хаа хамаагүй, сум, дүүргийг нэгтгэж нэг тойрог байгуулсан. Энд тэндээс цойлдож нэгтгээд тойрог байгуулсан. Энэ алдааг давтахгүй. Тойрог байгуулахдаа сонгогчдын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээг баримтална. Мөн нэг тойрогт багтаж байгаа сум, дүүрэг нутаг дэвсгэрийн хувьд хил залгаа байх ёстой. Аймгуудыг бүхлээр авч үзэл бас маргаантай асуудал бий. Говь-Алтай аймаг 38 мянга, Булган 41 мянга, Хэнтий 50 мянган сонгогчтой. Хүн амын тоо нь ойролцоо хэрнээ Хэнтий аймаг гурван мандаттай. Нөгөө хоёр нь нэг, нэг мандаттай. 2016 онд ингэж тэнцвэргүй хуваарилсан.

 

Манай улс 2.2 сая сонгогчтой. Түүнийгээ 76 гишүүндээ хуваахаар нэг УИХ-ын гишүүний ард 29 мянга орчим сонгогч ногдож байгаа. Сонгуулийн тогтолцоо ямар байхаас тойргоо хэрхэн байгуулах нь шалтгаална. Тэгэхээр УИХ хуулиа одоогийн хувилбараараа батлах уу, эсвэл том, жижиг тойргийнхоо харьцааг өөрчлөх үү, бүр 76 жижиг тойргоороо сонгууль явуулах уу гэдгээс олон зүйл шалтгаална.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)