Амралтын өдөр хүүхдийн зохиолчид нэгэн дор цуглана

Монголын хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг” төв болон Монголын хүүхдийн төв номын сан хамтран “Хүүхдийн зохиолчтой хамт” хоёр өдрийн өдөрлөг, арга хэмжээг ирэх амралтын өдрүүдэд Хүүхдийн төв номын сан дээр зохион байгуулах гэж байна. Хүүхэд бүрийн дуртай хүслийн шинэ жилийг угтсан энэ өдөрлөгөөр Монголын хүүхдийн зохиолчид нэгэн дор цугларч, өөрсдийн бүтээлийг 30-60 хувь хямдруулан, хүүхэд багачууд дуртай шүлэг, дуугаа уншиж, дуулж болох чөлөөт тайз, нээлттэй микрофон, өвлийн өвөөд илгээх захидлын уралдаан, зураг зурж, цаасаар урлаж болох “Уран бүтээлч” булан гээд олон сонирхолтой зүйлсийг төлөвлөжээ.  Өдөрлөг нь зохиолч, сэтгүүлч С.Бат-Эрдэнийн “Гэрэлт дуран” гэрэл зургийн үзэсгэлэнгээр нээлтээ хийх бөгөөд ХТНС-с эрхлэн гаргасан “Ээжээ, номын санд очъё” шинэ номын нээлтээр үргэлжилж, удаах өдөр буюу 14-нд ээж аавуудад зориулсан “Хүүхдийн уншлагад эцэг эхийн оролцоо”, “Уншлагаар хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх нь”  зэрэг сонирхолтой илтгэл, чөлөөт хэлэлцүүлгийг хийх юм. Мөн зохиолч Б.Ганчимэг, Ш.Солонго нарын олон уран бүтээлчийн шинэ номын нээлт болох юм байна.

"Эрдэм оюуныг тэтгэх ном бэлэглэе” уриатай энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирж, бяцхан үрсийнхээ унших дуртай зохиолыг бичсэн эрхэм хүүхдийн зохиолчидтой уулзан, хамтдаа дурсгалын зураг татуулж, гарын үсэгтэй ном худалдан авах боломжтой. Худалдан авалт бүрдээ “Амттай-Номтой” сугалааг бэлгэнд авч, нэгэн өдрийг хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүлээрэй хэмээн зохиолч, уран бүтээлчид урьжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)