Н.Номтойбаяр: Яллагдагчаар татсан тогтоолыг нь би хүлээн зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр "Хэвлэлийн бага хурал хийх хоёр шалтгаан гарлаа. Нэгдүгээрт, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 3.9 тэрбум төгрөгийг УИХ-ын гишүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон гэсэн мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан мэдээлэл хийх нь зөв гэж үзлээ. Хоёрдугаарт, Г.Батхүү агсны амиа алдсан хэрэг сүүлийн хагас жилийн хугацаанд над дээр хаяглагдлаа. Энэ талаар зарим мэдээллийг өгөх нь зүйтэй гэж бодож байна" гэсэн юм.

Ийнхүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гишүүн мэдээлэл хийхдээ "АТГ-ын мөрдөгч комиссар Б.Тэмүүжингийн шалгаж байгаа эрүүгийн хэрэгт намайг яллагдагчаар татаж байгаа тухай тогтоолыг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 22-нд АТГ-ын комиссар Нямдагва танилцуулсан. Би энэхүү тогтоолтой танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, тайлбар баримтуудыг прокурорт өгөхөө мэдэгдсэн. Яллагдагчаар татсан тогтоолтой танилцаад намайг яллагдагчаар татсан дөрвөн үндэслэл байгааг олж мэдлээ. 

Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоолоор батлагдсан журмын 5.3-д "Нэг төсөлд таван сая төгрөг хүртэлх" гэснийг зөрчсөн гээд Сангийн яамны улсын ахлах байцаагч Янжинсүрэн гэж хүний 2018 оны арванхоёрдугаар сарын 18-ны дүгнэлт албан бичгийг үндэслэл болгосон юм байна. Энэ нь ямар учиртай вэ гэхээр, Засгийн газрын 276 дугаар тогтоол нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед гарсан тогтоол. Уг тогтоолоор батлагдсан журмын 5.3 нь Хөдөлмөр эрхлэлийг дэмжих тухай хуулийн 12.1, 12.2-т тусгайлан заасан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх нөхөрлөл, хоршоолол байгуулах эрмэлзлэл бүхий иргэдэд таван сая төгрөг хүртэлх зээл олгох тухай зохицуулалт. Үүнд орон нутгийн онцлогт тохирсон төсөл хөтөлбөр огт хамаарахгүй. Гэтэл АТГ-ын байцаагч, Сангийн яамны улсын ахлах байцаагч нар үүнийг хооронд нь хольж хутгаад дүгнэлт гаргасан байна.

Хоёрдугаарт, төслүүдийг эргэн төлөлтгүй хэрэгжүүлэхээр улсад 3.9 тэрбум төгрөгийг хохирол учруулсан гэж дүгнэсэн. Эргэн төлөгдөх зохицуулалтыг 2017 есдүгээр сарын 16-ны Хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах үндэсний зөвлөлийн тогтооллоор баталсан. Эргэн төлөгдөх нөхцөл нь хоёр жилээр батлагдсан. Энэ тогтоолын дагуу шалгарсан төслийг хэрэгжүүлэгчидтэй гэрээ байгуулахдаа "Гэрээ байгуулснаас хойш эхний 22 сарын дотор зээлийг 50 хувийг, үлдэгдэл 50 хувийг 24 дэх сард төлнө" гэсэн заалт оруулсан. Тэгэхээр яллагдагчаар татсан хоёр дахь үндэслэл нь огт худлаа зүйл. 

Гуравдугаарт, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хурлыг зохион байгуулахдаа уг хуралд оролцоогүй гишүүдийг оролцсон мэтээр хуурамч тэмдэглэл үйлдсэн гэж үзсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, ийм хурал болоогүй гэж дүгнэсэн. Гэвч аз болж энэ хуралдаан болсноос гурав хоногийн дараа Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хуралдааны фото зураг, хурлаар шийдвэрлэсэн асуудлын тухай мэдээллийг өөрийнхөө сайтад тавьсан байна. Мөн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн гишүүд яамны хаалгаар орж ирээд үүдэнд бүртгүүлсэн бүртгэл нь байгаа. Мөн аливаа асуудалд оролцоход 135 мянган төгрөгийн урамшуулал авдаг. Энэ урамшууллаа авсан гарын үсэг нь бүгд бий.

Дөрөвдүгээрт, намайг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга, дэд дарга нартай бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан нийтдээ найман иргэн, 21 хуулийн этгээдэд давуу байдал олгосон гэж дүгнэсэн. Салбартай холбоотой хүсэлтүүд их ирдэг. Түүнийг нь хууль тогтоомжийн дагуу холбогдох байгууллагууд руу шилжүүлдэг. Нэр бүхий гишүүд гээр 10 орчим гишүүний тухай мэдээлэл хэвлэлээр гарсан. Тэр гишүүдийн зүгээс ЖДҮ шиг надад албан бичиг өгөөд шийдүүлсэн зүйл юу ч байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэе. Бүр намайг өөртөө зээл авсан гэж мэдээлсэн. Манай Дорнод аймгийн иргэдийн хамтарч байгуулсан хошоолол аймгийнхаа сумдад ахмадын амралын сувиллын сүлжээ байгуулахаар 200 сая төгрөгийн зээл авсан. Тэр төсөл хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлсэн. Гэтэл иймэрхүү байлаар хэрэгт гүтгэж байна. АТГ өнөөдөр яг яаж ажиллаад байгаа юм бэ. Иймэрхүү байдлаар ажиллаж байгаа нь харамсалтай. Энэ нь АТГ-ын ажилтнуудын ур чадвартай холбоотой юу, эсвэл улс төрийн шалтгаантай юу гэдгийг нь цаг хугацаа удахгүй тогтооно. 

Би яллагдагчаар татах тогтоолынх нь эсрэг баримт тайлбараа өгөх гээд сүүлийн дөрвөн өдөр АТГ-ын удирдлагуудыг хүлээж байна. Эхний хоёр өдөр нь АТГ-ын удирдлагууд хуралтай байсан юм шиг байна лээ. Мөн энэ хэрэг дээрээ үндэслээд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал боловсруулж байгаа тухай сураг сонссон. АТГ-ын даргатай уулзаад үүнийг нь лавлах гэхээр хүлээж авахгүй байна.

Намайг Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулан яллагдагчаар татаагүй. Сонин хэвлэлээр л намайг гүтгэж доромжлоод байгаа болохоос бус намайг хууль шүүхийн байгууллагаас яллагдагчаар татаж шалгасан зүйл огт байхгүй. Аргаа бараад би өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нд энэ хэргийг хянаж байгаа прокурор Мөнхгэрэлтэй уулзалт хийсэн. Уулзалтад дарга нь оролцсон. Бас манай өмгөөлөгч оролцсон. Би "Энэ хэрэгтэй холбогдуулан намайг шалгаж байгаа юу" гэхэд үгүй гэсэн. Өөр хүн ч байхгүй гэсэн. Энэ хэрэгт ямар нэгэн хүн шалгагдаад яллагдагчаар татагдсан зүйл байхгүй. Харин би гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн тухай мэдээ гарсан. Цагдаагийн байгууллага "Танай өрөөнд архи уусан байтал уугаагүйгэж худал мэдүүллээ" гээд байгаа юм. Манай өрөөнд архи угаагүй. Залдан шилжилгээгээр ходооноос нь илэрсэн архийг миний өрөөнөөс хураасан архитай нийцэж байгаа эсэхийг шинжилгээгээр тогтоосон юм уу гэхээр тогтоосон зүйл байхгүй гэж байгаа. Уг нь энэ мэдээллийг бий хийх биш шалгаж байгаа хүмүүс нь хийх хэрэгтэй. Энэ хэрэг шалгагдаад дууссан. Гэтэл мэдээлэхгүй байгаа юм. Би шүүхийн эмнэлгийн дүгнэлтийг нь олж харсан. Тархины цус харвалт гэсэн дүгнэлт гарсан байна лээ. Ар гэрийнх нь хүсэлтээр дахин шинжээчдийн баг гараад өмнөх дүгнэлтийг нь баталгаажуулсан. Энэ дүгнэлт нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын 8-нд гарсан юм билээ" гэв.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дээрх асуудлаар мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Г.Батхүү агсан таны өгсөн архийг угаагүй юм уу?

-Би зочин орж ирлээ гээд архи задал. Миний өгсөн архийг уугаагүй.

-Тантай муудалцсан зүйл байгаа юу?

-Байхгүй. Би амьдралдаа тэр хүнтэй муудалцаж байгаагүй.

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гарсан 3.9 тэрбум төгрөгийн зээлийн хэдэн хувь нь эргэн төлөгдсөн юм бэ?

-Одоогоос сарын өмнөх байдлаар 2.1 тэрбум төгрөг төлөгдчихсөн байгаа юм билээ. 

-Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Нямдаваа нь таны сонгуульд ажилласан. Мөн МАК-д ажиллаж байсан. Тиймээс таныг хамаарал бүхий этгээдтэйгээ хуйвалдсан гэж хардаад байгаа юм биш үү?

-2012 онд би тухайн үеийн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэд сайдаар томилогдож байсан. Тэр үед ням даваа яамны Стратег төлөвлөлтийн газрын орлогч даргаар ажиллаж байсан. Өмнө нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дэд дарга, УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан хүн. Өөрөө энэ салбарын унаган хүн. 2012 оны сонгуулийн дараа ажлаа халагдахад нь би чадварлаг залуу гэж үнэлээд МАК-д авч ажиллуулсан нь үнэн. Тэгэхээр үүнийг ямар эрх ашгийн зөрчил гэж хараад байгаа юм бэ?

-Та зээл олгох чиглэл өгсөн юм биш үү?

-Тийм зүйл огт байхгүй.

-Таны жолооч хар тамхины хэрэгт холбогдсон гэсэн. Та энэ талаар мэдээлэл авсан уу?

-Би энэ тухай мэдээлэл сонссон. Намайг сайдаар ажиллаж байхад ажиллаж байсан жолооч ажлаас гарсныхаа дараа, хэзээ гэдгийг нь мэдэхгүй хилээр хар тамхи гаргах гэж байгаад баригдаж ял авсан юм билээ. 

-Та хууль тогтоогч хүн. Гэтэл яллагдагчаар татагдчихаад хууль шүүхийн байгууллагынхаа үйл ажиллагааг хүндлэхгүй байгаа юм биш үү. Шалгуулчихаж болдоггүй юм уу?

-Яллагдагчаар татагдсан ч хүний эрх гэж бий. Үүний дагуу би яллагдагчаар татах тогтоолтой танилцсан ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж гарын үсгээ зурсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Очоод л шалгуулчих даа, буруугүй тэгээд гараад л ирнэ шүү дээ.

    0 0 Хариу бичих