Б.Шаравын нэрэмжит "Сэрсэн тал" театр байгуулагджээ

Монгол Улсын төрийн шагналт, хөдөлмөрийн баатар, урлагийн гавьяат зүтгэлтэн, "Чингис хаан" одонт, нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит "Сэрсэн тал" театр өнөөдөр үүд хаалгаа нээж байна. Нэрт хөгжмийн зохиолчийн төрсөн нутаг Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ерөнхий боловсролын сургууль өөрсдийн хөрөнгө, ажиллах хүчээр урлагийн танхим барьж тохижуулан нутгийнхаа унаган хүүгийн нэрэмжит болгосон нь энэ ажээ. "Сэрсэн тал" театрын нээлтэд "Шарав сан"-ийн удирдлага, төлөөлөл болон ДБЭТ болон Хэнтий нутгийн уран бүтээлчид оролцож байгаа юм байна.

Монголын хөгжмийн урлагийн суу билэгтнүүдийн нэг, нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав 1952 оны арваннэгдүгээр сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төржээ. Тэрээр "Чингис хаан" дуурь, “Зуурдын орон" балет, "Ононд хатаагдсан илд" дуулалт жүжиг, 1, 2-р симфони, “Замбуу тивийн наран" магтуу, "Эх орон" зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", “Илүү сартай зун" зэрэг олон киноны хөгжим бичсэн юм. Мөн дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвисан. 20 орчим уран сайхны кинонд хөгжмийн найруулагч, зохиолчоор ажилласан байна.

Б.Шаравын бүтээлүүдээс "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал нь нэн алдартай. Хөгжмийн зохиолч энэ алдарт бүтээлээ 1984 онд зохиож, тухайн оныхоо арваннэгдүгээр сарын 25-нд Улс тунхагласны баярын хүндэтгэлийн концерт дээр анх олны сонорт хүргэж байсан ажээ. Уг алдарт бүтээл зохиогдсоны 35 жилийн ой энэ онд тохиож буй юм. Ойн хүрээнд "Сэрсэн тал" хүндэтгэлийн концерт Үндэсний урлагийн их театрын тайзнаа тавигдаж олны сонор мэлмийг баясгасан билээ. "Сэрсэн тал"-ыг тоглодоггүй дуу хөгжмийн чуулга, найрал, цөөхүүл байхгүй бөгөөд хамгийн олон удаа тоглогдсон хөгжмийн бүтээл болсон юм.

Тиймээс "Сэрсэн тал" хүндэтгэлийн наадмыг сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулах болсон бөгөөд нэрт хөгжмийн зохиолчийн төрсөн нутаг Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд "Сэрсэн тал" орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдааныг зохион байгуулдаг билээ.   

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)