УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ нь радио, телевизийн газрын дамжуулах, олон суваг дамжуулах, олон нийтийн радио, телевизийн, арилжааны радио, телевизийн үйлчилгээ гэсэн төрөлтэй байхаар тусгажээ. Улмаар өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний үйл ажиллагааны онцлог зохицуулалт болох хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, эзэмшлийн ил тод байдлыг хангах, үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн зохицуулалт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлага болон зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага зэрэг зохицуулалтуудыг тусгасан байна. Мөн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн төлбөрийн 15 хүртэлх хувийг өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд хүртээх юм.
Хуралдааны үеэр хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг энэ хуулийг баталснаар телевизийн салбарыг хөгжүүлэх, чанартай контент бэлтгэх, эдийн засгийн хөшүүрэг нь болно гэдгийг хэлж байлаа. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа телевизүүдийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх, дэмжлэг авах боломж байгаа эсэхийг тодруулав. Ажлын хэсгээс “Улаанбаатар болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа радио телевиз бүгдэд нь хамаарна. Төсөлд сан байгуулахаар тусгасан. Энэ сан нь орон нутаг болон алслагдсан бүсүүдэд өргөн нэвтрүүлгийн телевиз, радиог хөгжүүлэхэд чиглэнэ” гэв.
Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 86.4 хувь нь хуулийн төслийг батлахыг дэмжлээ. Энэхүү хуулийг 2020 оны долдугаар сарын 1-нээс эхлэн дагаж, мөрдөх юм.