АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 1.5-1.75 хувьд хэвээр үлдээхээр болжээ. Ирэх онд ч мөнгөний бодлогын чиглэлдээ өөрчлөлт оруулахгүй гэсэн чиглэл барьж байгаагаа мэдэгдэв. Холбооны нөөцийн банкны нээлттэй зах зээлийн хороо энэ сарын 10-11-ний өдөр хуралдаж, Вашингтонд хэвлэлийн хурал хийхдээ,
"Дэлхийн эдийн засгийн байдлаас гадна бусад эрсдэлүүд байгаа ч АНУ-ын эдийн засгийн төлөв эерэг хэвээр байна" гэж тус банкны тэргүүн Жером Пауэлл онцолжээ.
Энэ мэдээллийн дараа АНУ-ын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 1.8 хувь хүрэхгүй болж буурсан байна. АНУ-ын Төв банк 2019 он гарснаас хойш бодлогын хүүгээ гурван удаа бууруулсан нь эдийн засгийн өсөлт саарна гэсэн болгоомжлолыг бууруулсан. АНУ БНХАУ-тай худалдааны хэлэлцээр хараахан байгуулаагүй байгаа, Их Британид BREXIT-ийн асуудал тодорхойгүй, дэлхийн эдийн засгийн байдал тааруу байгаа энэ үед мөнгөний бодлогоор ирэх жилүүдэд өсөлтөө дэмжинэ гэж тооцоолж байгаа юм байна.