Хөхүүрийн айраг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэгджээ

ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хороо Колумбын нийслэлд хуралдаж байна. Тус хуралдаанаар өчигдөр Биет бус соёлын өвийн жагсаалтад арван өвийг нэмж баталжээ. Тодруулбал, ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хороо яаралтай хамгаалалтад авах шаардлагатай биет бус соёлын өвийн жагсаалтад дахин нэг, хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад есөн өвийг нэмж оруулжээ. ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийн жагсаалтад монголчуудын хөхүүрийн айраг хийх арга багтжээ.

ЮНЕСКО-гийн албан мэдээнд энэ тухай дурдсан байна. Монголчуудын хөхүүрийн айраг эсгэх уламжлалт арга технологийг Биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн үндэслэлээ гүүний сүүг үхрийн арьсан сав буюу хөхүүрт хийн эсгэх уламжлалт арга гэжээ. Мөн айраг бол тэжээллэг ундаа бөгөөд монголчуудын цагаан идээний  нэг гол төрөл зүйл. Айргийг эсгэх аргыг олон мянган жилийн турш уламжлан өвлөж, хадгалж ирсэн гэдгийг мөн онцолсон байна.

Манай улсаас ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийн жагсаалтад монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга – Битүү амьсгаа, монгол наадам, морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, монгол тууль, хөөмий, уртын дуу, цуур, уламжлалт бүжиг биелгээ, бүргэдийн баяр - шувуучлахуй, уран бичлэг, монгол гэрийн уламжлалт зан үйл, шагайн харваа гэсэн 12 өв бүртгэгдээд байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)