Андуурах учиргүй нэр

ХХ зууны эхний гурван арваны түүхэнд хоёр Чагдаржавын нэр тодоор бичигдэн үлджээ. Нэг нь Түшээт хан аймгийн Чуулган дарга Түшээт ван, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Сангийн хамаг хэргийг бүгд захирах яамны сайд Г.Чагдаржав, Нөгөөх нь Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Ардын түр Засгийн газрын Ерөнхий сайд Д.Чагдаржав нар юм. Гадинбалын Чагдаржав ван 1911 оны тусгаар тогтнол зарлахын өмнөхөн түр Засгийн газрын Ерөнхий сайд байсан учраас энэ хоёр түүхэн хүнийг андуурах нь бий.

Гадинбалын Чагдаржавын төрийн ажил

1911 онд Монголын нөлөө бүхий том ноёд, лам нар Богд хан уулын Төр хурахын аманд цуглаж Тусгаар тогтнолын тухай хэлэлцэн, төлөвлөсөн. 1911 оны арваннэгдүгээр сарын 30-нд Түр Засгийн газар байгуулж Түр Засгийн газрыг нууцаар байгуулж, даргаар нь Г.Чагдаржавыг, дэд даргаар нь Гомбодорж, Гомбосүрэн нарыг тохоож, маргааш нь олон түмэнд тунхаглан зарлажээ. 1911 оны 12-р сарын 29-нд тусгаар Монгол Улсыг зарлаж Богдыг хаан ширээнд залах хүртлэх нэг сарын хугацаанд ажиллаж, тусгаар тогтнолын  штаб болсон тус Засгийн газарт мөнСайн ноён ханы Цэдэнсоном, Түшээт ханы Намсрай, Их шавийн Цэрэнчимэд нар багтжээ. Уг Засгаас тусгаар улсаа зарлахаар бэлдэж байгааг улс орны бүх нэгжид мэдээлж, Манж Чин улсын төлөөлөгчдийг албадан гаргаж, мөн Улиастайн жанжинг орхиж явуулахыг сануулсан, Хиагтын гаалийг мэдэлдээ авсан, зэр зэвсэг цэрэг цуух цуглуулсан, улсаа тогтнуулах ухуулах тараасан зэрэг бүхий л бичиг баримт тушаал шийдвэр Түр засгийн Ерөнхий сайд Чагдаржавын нэрээр үйлдэгдсэн буй. Өлзийт өдөр Богдыг хаан ширээнд залахад Чагдаржав ван Богдод төрийн тамгыг гардуулсан байдаг. Мөн тэрээр “Таван замын байлдаан”-ы ерөнхийлөн захирагч сайдаар ажиллаж, нэгэн жигүүрийг нь удирдсан түүхтэй.

Төрийн зүтгэлтний өв

2015 онд “Чагдаржав” сангаас эрхлэн гаргасан "Түшээт Засаг, Хошой Чин ван Гандинбалын Чагдаржав" баримт бичгийн эмхэтгэл хоёр боть ном бий. Уг номд 1851-1930 оныг хамарсан 176 бичиг  баримт сонгогдон, манж болон хуучин монгол бичгээс крилл үсэг рүү бүтэн хоёр жилийн хугацаанд хөрвүүлэгдэн буулгасан юм. Энэхүү номын дотор орчин цагийн монгол хүмүүст сонирхолтой байж болох асар олон баримт бий. Эдгээр баримт нь Монгол орон хэдий Манж гүрний хамжлага улс байсан ч өөрийн дотоод бодлого, төрийн уламжлалтайбайсныг харуулдаг юм.

Нэгэн баримт: Язгууртан хүний эд хогшил Үндэсний төв архив дахь Г.Чагдаржавыг Түр Засгийн газрыг толгойлохын өмнөх бүх эд хогшлыг нь бүртгэсэн данс: Ноётны өргөө нь 5 төө хатгуур тооно, унь 81, 15 толгойтой хана 5, будаг самбар цүү цуургатай хаалга 1 гэх  мэтчилэн тоочиж байснаа хүрэн сандал ширээ 2, тамхины цохиур 2, хайрцаг 2, өвсөн туужуур 1” гэж бүртгэжээ.

Нэгэн баримт: Чуулган дэд дарга Г.Чагдаржавын захиа (1906 он)

Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Тавантолгойн уурхай орчим эртнээс Өмнөд хөрш хийгээд төрийн анхааралд байсны баримт. Энэ газар бол Г.Чагдаржав сайдын өлгий нутаг ажээ. Г.Чагдаржав бол Түшээт хан аймгийн Түшээт засгийн хошууны засаг ноён. Хошууны нутаг дэвсгэр нь одоогийн Дундговь аймгийн баруун бие буюу Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Өлзийт, Дэлгэрхангай, Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Цогт-Овоо, Ханхонгор, Даланзадгад, Цогтцэций, Номгон, Баян- Овоо сумын нутгийг хамарч байжээ.

Анхны Сангийн сайдын ажил

Батмөнх даян хааны XI хөвгүүн Гэрсэнз жалайр хунтайжийн үе залгамжилсан удам Гадинбалын Чагдаржав шинэхэн байгуулагдсан Монгол Улсыг санхүү, эдийн засгийн хувьд хөл дээр нь босгох, эдийн засгийн дотоод, гадаад харилцааг буй болгон хөгжүүлэх бэрх ажлыг нугалжээ. Тэрээр Сангийн яамны тэргүүн сайдын ажлыг 1911 оны сүүлчээс 1915 оны 7 дугаар сар буюу насан эцэслэх хүртлээ гүйцэтгэсэн байна.

Монгол Улсад хошуудын малыг нарийвчлан бүртгэж тоолох ажил 1912 оноос эхэлсэн гэж үздэг. Хүрээ хийдэд хамааралтай Жасуудыг ч бүртгэж, татвар гаальд хамруулсан аж.

Г.Чагдаржавын Төрийн ордны их танхимд зохиосон эрдэм шинжилгээний хурлын үеэр түүхч, профессор Ж.Урангуа ийн өгүүлсэн юм.

Түүхч, профессор Ж.Урангуа

Г.Чагдаржав Монгол Улсын Санхүүгийн төв байгууллагын тулгийн чулууг тавьж, төсөв санхүүг барих,улсын сангийн орлогыг нэмэгдүүлэх, татварын бүрдүүлэлтийг цэгцлэх, байгалийн баялгаас олох орлогыг нэмэгдүүлэх, худалдааны бодлогод шинэчлэл хийж улс орноо тухайн цагийн түвшний улс шиг улс болгохын төлөө амсхийх чөлөөгүй зүтгэсэн байдаг. Оросоос хатуухан болзолтойгоор авсан 6000 гаруй рублийн зээл мөнгө санхүүгийн хэрэгцээг бүрэн бус боловч хангаж байсан. Тухайн үед санхүүгийн туршлагатай мэргэжилтэн хүн ховор, хөрш орнууд Монголд туслахаасаа илүүтэй Монголыг эрхшээлдээ оруулахыг хичээж байсан зэрэг хүнд цаг үеийг Г.Чагдаржав туулсан ч түүний эх орноо гэсэн сэдэл тэмүүлэл нийгмийн сэтгэхүйд маш хүчтэй байсан нь аливаа бэрхшээлийг давахын төлөөх үйл ажиллагааг идэвхжүүлж байсан. Монголын эдийн засаг сул ядуу байсан ч нийгэмд хөнөөлт хар тамхи, архи, дамын наймаа зэргээр ашиг олохыг Монголын Засгийн газар эрс эсэргүүцэж байсан.

Нэгэн баримт: Төмөр зам байгуулах тухай гэрээ (1914.09.30)

Монгол Улсын хязгаарын дотроо төмөр зам байгуулах явдлыг Их Орос улсын Засгийн газартай хэлэлцэн тогтоосон зургаан зүйл гэрээний эхний зүйлээс: Монгол Улсын хязгаарын дотроо төмөр зам байгуулах эрхийг Монгол Улсын Засгийн газраа үүрд хадгалахыг Орос улсын хаан эзний Засгийн газар батлав.

Тухайн Оросын бүрэн эрх барих сайд И.Я.Коростовец Чагдаржав ноёныг “Сангийн сайд Түшээт ван бол бүр сэтгэл татам, өндөр нуруутай, нүүрэндээ сорвитой, тийм ч гоё биш монгол… Түшээт ван бол маш үнэнч, туйлбартай” хэмээн тодорхойлж байжээ.

Нэгэн баримт: Г.Чагдаржав сайдын үхэл

Сангийн яамнаас Богд хаантанд өргөсөн нугалбар бичиг“...харьяат засаг сайд, Түшээт засаг хошой чин ван Чагдаржавын өвчнийг шаардан засуулсан боловч илаар болж чадсангүй улам  хүндэдсээр энэ долоон сарын 16-ны хулгана цагт нэгэнт наснаас нөгцөв. Бидний улсад тулгар төр байгуулсан цагаас улс төрийн хэрэгт үнэнээр зүтгэсэн гавьяа бүхий сайд бөгөөд ийнхүү наснаас нөхцсөн нь үнэхээрийн хайран.. Богд эзэн гэгээнээр толилж сурган заах ажааму”

Г.Чагдаржав сайд 1915 оны Хиагтын хэлэлцээрт Орос, Хятад, Монгол гурван этгээдийн хэлэлцээрт Монгол Улсын бүрэн эрхт төлөөлөгчдийн дэд тэргүүнээр оролцсон тул 1915 оны зургадугаар сар хүртэл Хиагтад амьдарчээ. Тэндээс Их хүрээнд ирээд нэг сарын дараа 46-тайдаа нас баржээ. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын гол удирдагчид 10 хүрэхгүй жилийн дотор олонхи нь цэл залуудаа нас эцэслэсэн учир битүүлэг түүх Г.Чагдаржав сайдыг ч тойрсонгүй, дайрсан гэж үздэг түүхчид бий.

Г.Чагдаржав сайдын удам

Тэрээр 2 хүү, 3 охинтой хүн байсан бөгөөд том хүү Ожоо нь тойн хуварга хүн байж, Бага хүү Ч.Лхамсүрэн нь угсаа залгамжилсан хошууны ноён байж байгаад хэлмэгдсэн. Гурван охин болох Цээсүрэн, Цэвэлсүрэн, Дугарсүрэн нь үр хүүхэд олонтой. Чагдаржав сайдын үр хойч 400 гаруй хүн Дундговь нутаг, Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна.