12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанаар СӨХ-ны үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагад хариуцуулах агуулга бүхий Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх байсан ч  хэлэлцүүлгийг долоо хоногоор хойшлуулав. Хуулийн төсөлтэй гишүүд нарийн танилцах шаардлагатай гэж үзсэн тул ийнхүү хойшлууллаа.

Хуралдааны эхэнд  Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцээрийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тэрбээр “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл” нь Дэлхийн банкны 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2012 оноос хэрэгжиж байна. Төслийн зорилго нь гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангах, улмаар хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор дунд хугацаанд зорилтот арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд чиглэсэн. Төсөл хэрэгжих хугацаанд гэр хорооллын айл өрхийн галлагаанаас үүдэлтэй нарийн ширхэгт тоосонцор (РМ2.5)-ыг бууруулах зорилгоор богино хугацаат арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, тодорхой ахиц дэвшил гаргасан. Төслийн хэрэгжилтийн хугацаанд сайн үр нөлөө үзүүлсэн арга хэмжээнүүдийг өргөтгөх зорилгоор “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-д Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас 12 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн нэмэлт, санхүүжилт олгохоор харилцан тохироод байна. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил, зээлийн хүү  1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 хувь  байна” гэв. 

Ингээд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Хуралдаанаар үргэлжлүүлэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ. Энэхүү хуулийн төсөлд усны асуудал хариуцсан улсын байцаагчтай болох зохицуулалт тусгажээ.

Мөн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж дэмжлээ.

СЗХ-ны гишүүнээр Т.Цэрэнбадралыг томилохыг дэмжлээ

Хуралдааны төгсгөлд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг нөхөн томилох тухай асуудлыг хэлэлцэв. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн Д.Баярсайхан тус газрын даргаар томилогдсонтой холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 15.1,15.2-т заасныг үндэслэн Эдийн засгийн байнгын хорооноос Түдэвийн Цэрэнбадралыг нэрийг дэвшүүлжээ. Нэр дэвшигчийн талаар Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцуулав. 

 Т.Цэрэнбадрал нь 1978 онд Дундговь аймагт төрсөн, 2000 онд  МУИС-ийн Олон улсын  харилцааны дээд сургуулийг гадаад албаны ажилтан, 2002 онд СЭЗДС-ийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр тус тус төгссөн. 2010 онд Либерти дээд сургуулийг төрийн удирдлагын магистр, 2014 онд Австралийн үндэсний их сургуулийн бизнесийн удирдлагын магистр  хамгаалсан. 2001-2004 онд Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, 2004-2007 онд Монгол Упсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд атташе, 2008-2014 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газарт хянан шалгагч, 2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус зөвлөх, 2014-2016 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд Олон нийтийн асуудал хариуцсан ажилтан, 2017-2019 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга, орлогч дарга, 2019 оны 09 дүгээр сараас  “Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж иржээ. 

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Т.Цэрэнбадралыг нэр дэвшүүлэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)