Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл дээр тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг МАН-ын бүлэг хүлээн авснаа даваа гарагт мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр Төсвийн байнгын хороо хуралдаж, мөн хоригийг хүлээн авсан юм. Ингэхээр энэхүү нэмэгдлийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудал үүснэ. МАН-ын бүлгийн даргын хэлснээр шийдвэрлэх гурван арга зам байгаа юм.

Нэгдүгээрт, хуулийн үйлчлэх хугацааг хойшлуулах. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэх шийдвэрийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүэхийг хойшуулах. 2021, 2022 он руу шилжүүлэх  гэх мэт.

Хоёрдугаарт, хоёр хувийн нэмэгдэлийг багасгах. Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд нэг  2019, 2020 онд тус бүрт нь хоёр хувиар үе шаттайгаар нэмж  нийт таван пунктээр өсгөхөөр болсон юм. Тэгвэл хууль боловсруулж, хоёр хувийг багасгаж, 26 хувьд хүргэхгүй байх арга зам.

Гуравдугаарт, энэхүү нэмэх шийдвэрийг бүр болиулах эсэх.

Энэ гурван арга замын алинаар нь шийдвэрлэн өөрчилсөн ч хоёр эрсдэл үүсэх юм.

Эхнийх нь 2020 оны төсөв тасалдах. Монгол Улсын 2020 оны төсвийг боловсруулахдаа НДШ-ийн нэмэгдлээс 174 тэрбум төгрөг төсөвт төвлөрнө гэж тооцсон. Үүнийг оролцуулан мэдээж, орлого, зарлагаа тодорхойлсон. Ингэхээр дээр гурван арга замын алинаар нь шийдвэрлэсэн ч 2020 оны төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүснэ. Магадгүй 2020 оны төсөвт дахин "гар хүрч" 174 тэрбумыг аль нэг салбарын орлогод шингээх, эсвэл аль нэг салбарын зардлаас хасах гэх мэт.

Дараагийнх нь ОУВС. Нийгмийн даатгалын шимтгэл нэмэх энэхүү шийдвэр нь ОУВС-гийн өгсөн зөвлөмжийн дагуу 2017 онд гарсан. Тэгэхээр өнөөдөр Монгол Улс энэ шийдвэрээсээ буцаж байгаа бол эхлээд ОУВС-тай хэлэлцээрийн ширээнд дахин суух шаардлага үүснэ. Энэ талын эрсдэл нь холбогдох хүмүүсийн байр сууриар илэрхий болох юм. Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Энэ шийдвэр нь ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн хүрээнд гарсан шийдвэр тул ОУВС-тай зөвшилцөнө. ОУВС үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэсэн юм.

Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл дээр тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргалаа. Энэ дээр би өмнө нь хэлж байсан байр сууриа давтаж хэлмээр байна. НДШ-ийг нэмэх тухай асуудал 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд шийдэгдсэн асуудал. ОУВС-гийн хөтөлбөрт орсон улс орнуудад зээл олгодог. Ингэхийн тулд Монгол Улсын төсөвт тодорхой үзүүлэлтүүд хангагдсан байх ёстой гэдэг шаардлага тавьсан. Нийгмийн даатгалын сан нь нэгдсэн төсөв дотроо бүрэлдэхүүн хэсэг болж ордог. Үүний алдагдал өндөр байсан учраас алдагдлыг бууруул гэдэг шаардлага тавьж, үүний дагуу НДШ-ийн хувь хэмжээг нэмэх болсон. Яг өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сан 605 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Үүнийг бууруулах амлалтыг ОУВС-д өгсөн юм. Нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдэл дээр тавигдсан хоригыг ОУВС-гийн хөтөлбөрт тавигдсан хориг гэж үзэж байна” гэлээ.