Стокгольмын энх тайвны асуудлыг судлах олон улсын хүрээлэнгийн (SIPRI) гаргадаг зэвсэг үйлдвэрлэгчдийн чансааны эхний таван байрыг 2002 оноос хойш анх удаагаа зөвхөн Америкийн компаниуд эзэлжээ. Зэвсгийн наймааны өрсөлдөөнд Орос хоёрдугаар байранд (зах зээлийн 8,6%) орсон байна. Тэдний дараа Их Британи, Франц хоёр бичигджээ.
SIPRI-ийн “Top 100” чансаагаар дэлхийн зэр зэвсгийн худалдаа 2018 онд 4,7 хувиар нэмэгджээ. Зэвсгийн томоохон 100 үйлдвэрлэгчийн жилийн эргэлт нь нийлээд 420 тэрбум долларт хүрэв. SIPRI зэвсгийн наймаа, цэргийн үйлчилгээний мэдээллийг боловсруулж эхэлсэн 2002 оноос хойш энэ 100 үйлдвэрлэгчийн үр бүтээл 47 хувиар нэмэгдсэн байна. Энэ хугацааны дотор чансааны эхний таван байрыг зөвхөн Америкийн компаниуд эзэлжээ.
- Lockheed Martin,
- Boeing,
- Northrop Grumman,
- Raytheon,
- General Dynamics.
Энэ таван компанийн худалдааны нийт хэмжээ нь зах зээлийн 35 хувь буюу 148 тэрбум долларт хүрчээ. Ер нь бол дээрх компаниудыг оруулсан Америкийн үйлдвэрлэгчид зах зээлийн 59 хувь буюу 246 тэрбумын зэр зэвсэг үйлдвэрлэжээ.
“Америкийн компаниуд 2017 онд Ерөнхийлөгч Дональд Трампын зарласан зэр зэвсгийн шинэчлэлийн шинэ хөтөлбөрт бэлтгэж байна” хэмээн SIPRI хүрээлэнгийн Зэвсгийн болон цэргийн зарлагын асуудал хариуцсан захирал Од Флеран мэдэгдлээ.
Оросын зэр зэвсгийн наймааг “тогтвортой” гэж SIPRI үнэлэв. Гэхдээ Америк, Европын компаниуд зэвсгийн наймааг эрс нэмэгдүүлсэн учраас Оросын үзүүлэлт буурсан гэж хүрээлэн үзжээ. Оросын 10 компанийн худалдаа нийлээд 36.2 тэрбум болсон нь өмнөх жилийнхээс 0.4%-иар бага үзүүлэлт юм.
Тэргүүлэгч 100 үйлдвэрийн 80 нь АНУ, Европ, Орост байрлаж байна. Үлдэж буй 20 компанийн зургаа нь Японых ба Израиль, Энэтхэг, Өмнөд Солонгос тус бүр гурван компаниар, Туркийн хоёр, Австрали, Канад, Сингапурын тус бүр нэг компаниар жагсаалтад багтлаа.