Атлантын далайд орших Тристан Да Кунья бүлэг арлын нэг болох Гоф арал дээр хэзээ нэгэн цагт хаягдаж үлдсэн гэрийн оготнууд далайн салхич шувуу альбатросыг ангуучилж сурсныг эрдэмтэд илрүүлжээ. Өмнө нь тэднийг шувууны үүрэнд орж, өндөг, ангаахайг нь иддэг гэж боддог байсан бол саяхан оготнууд нийлэн нас бие гүйцсэн альбатрос шувууг ангуучилж байхтай тааран баримтжуулж авсан байна. Ингэснээр эрдэмтэд уг арлын экологийн системд оготнуудын учруулж буй хохирлын хэмжээг нэмэгдүүлэн авч үзэхээс аргагүй байдалд оржээ.
Гоф арал дээр 24 зүйлийн найман сая гаруй шувуу үүрээ засан нутагладаг, энэ агуулгаараа ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг аж. Эдгээр 24 зүйлийн шувуудын дотор устаж мөхөхөд ойрхон ирээд буй Тристаны альбатрос ч багтдаг аж. Энэ шувууны ердөө 2000 үүр үлдээд байгаагийн 99 хувь нь ганц Гоф аралд байдаг аж.
Гэрийн хулгана анх 19 дүгээр зууны үед европчуудтай хамт аралд ирж нутагшсан бөгөөд өнгөрсөн хугацаанд ердийн гэрийн хулганаас 1.5 дахин том биетэй болжээ. 2018 онд хийсэн судалгааны илтгэлд эдгээр оготнууд зөвхөн Гоф аралд жилд хоёр сая шувууг устгадаг гэсэн дүн бичигдсэн байдаг аж.